Д.Тэрбишдагва гишүүн хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2013.12.06

Д.Тэрбишдагва гишүүн хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байна.

Аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа энэхүү хууль чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна.

Хуулийн төсөлд тусгагдсан бусад зарчмын шинжтэй асуудлыг дурьдвал, төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулиар шинэ хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоох, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр, шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн, хил дээрх үзлэг шалгалт гэж ангилан шалгалт тус бүрийг хийх үндэслэл, үргэлжлэх хугацаа, дүгнэх, мэдээлэх асуудлыг нарийвчлан тогтоох заалтууд оруулжээ.

Хуулийн төслийг боловсруулах хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага

1.1.  Хууль зуйн үндэслэл

Улсын Их Хурлын 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх зорилтын нэг байна”, “салбарын мэргэшсэн хяналтын байгууллага бий болгох”, “мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх" зэрэг зорилтууд тусгагдсан.

1.2. Практик шаардлага

Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаад орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололт үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч, барилга, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц дэвшил авчирч байгаа ч глобал өрсөлдөөний хатуу чанд байдал, хэт өндөр ашгийн төлөөх тэмцэл, хувийн явцуу эрх ашгийн хүчтэй илэрхийлэл зэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлт хүчин зүйлийг тасралтгүй бий болгож байна.

Бизнесийн үйл ажиллагаанд төрийн олон байгууллага өөр өөрийн эрхлэх асуудлын чиглэлээр хяналт тавьж байгаа, тухайлбал татвар, гааль, санхүү, галын хяналт, түүнчлэн төвийн болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан хуулийн хэрэгжилтийг хянах эрхтэй байгаад эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй, зарим хяналт нь давхарддаг, эсхүл шаардлагагүй хяналт байдаг зэргээс хяналтын үр нөлөө хангалтгүй, бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн дарамт учруулж байгаа нь өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагаас хоцорч байна. Энэ нь иргэд, аж ахуй эрхлэгчдээс ирүүлдэг санал хүсэлт, өргөдөл гомдол, энэ талаарх судалгааны тайлангуудад тодорхой харагддаг.

Мэргэжлийн хяналтын байгууллага 2003 оноос хойш нэгдсэн тогтолцоонд шилжсэн боловч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ хуучин хяналтын агентлагуудын ажлын арга барилыг үндсэнд нь хэвээр хадгалан, яамдын харъяанд байсан хяналтын газрууд шиг ажиллаж ирсэн байна. Улмаар салбарын болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дотоод хяналт, хариуцлага суларч, аливаа гажуудлыг хариуцах эзэнгүй болсон байна.

Мөн 2003 онд батлагдсан Төрийн хяналт, шалгалтын тухай хууль байцаагч нарын эрх мэдлийг өргөтгөж, харин хяналт шалгалт явуулах журам болон бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулалтгүй орхигдуулжээ.

Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын нэг жилд хийж байгаа шалгалтын тоогоор Монгол Улсад бусад орнуудтай харьцуулахад хамаагүй илүү байна. Тухайлбал, манай улсын хяналт шалгалтын эрх бүхий байгууллагууд жилд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 76 хувьд шалгалт хийж байгаа бол Киргиз Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 69 хувьд, Узбекстан Улсад жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 31 хувьд л хяналт шалгалт хийж байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжлийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал нь хөдөлмөрийн хөлс болон захиргааны шийтгэл, торгуулийг оролцуулаад дунджаар 267,930 төгрөгтэй /195 ам. доллар/ тэнцэж байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд Мэргэжлийн хяналтын газраас хийж байгаа хяналт шалгалтын үзүүлж буй санхүүгийн дарамт нь судалгаанд хамруулсан хугацаагаар тооцвол /хөдөлмөрийн хөлс болон торгуулийг оролцуулаад/ 5 тэрбум төгрөг буюу 3.7 сая ам доллар болж байна.?

Хяналт шалгалтын үйл ажиллагаа, түүний төлөвлөлт тодорхой бус байна. Шалгалтын төлөвлөгөө боловсруулахдаа эрсдэлиин үнэлгээнд үндсэлдэггүй, шалгалтын арга, хэлбэр болон шалгалтын мөрөөр авах арга хэмжээ нь ихэвчлэн байцаагчийн хувийн ойлголт, үзэмжээр шийдэгдэх байдалтай явагдаж иржээ.

Хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжид улсын байцаагч шалгалтын илтгэл бичиж, гарын үсэг зурж байхаар заасан боловч шалгалт хийх талаар урьдчилан мэдэгдэх, удирдамжгүйгээр шалгалт хийхгүй байх, улсын байцаагч биеийн байцаалтаа шалгуулагч этгээдэд заавал үзүүлж байх, түүнчлэн хяналт шалгалтын бүртгэл хөтлөх зэрэг хяналт, шалгалтын ил тод, шударга байдлыг хангах талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй байна.

Эдгээр заалтууд нь хяналт, шалгалтыг улсын байцаагчийн хувийн сонирхлоос ангид байлгах, шалгуулагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой зохицуулалт юм.

Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг бусад хяналтын байгууллагын чиг үүрэгтэй давхацсан, хүн амын аюулгүй байдалд төдийлөн ач холбогдолгүй, эрсдэлд суурилаагүй олон тооны, үр нөлөө багатай хяналт, шалгалт хийх, торгох, шийтгэх хандлагыг урьдал болгон өнгөц, хийсвэр байдлаар ажиллах эрх зүйн хийдэл байна.

Шалгагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагын асуудал эрх зүйн талаасаа бүрэн зохицуулагдаагүй байна. Бизнес эрхлэхэд тавигдах зарим шаардлага нийтэд хүртээмжгүй, хяналт шалгалтын дүнг давж заалдах тогтолцоо хэдийгээр байгаа ч гэсэн бизнес эрхлэгчид үүнийг төдийлөн хэрэглэдэггүй, дарамт шахалт, хүнд суртлаас эмээх зэрэг нөхцөл байдал үүсдэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг хамгаалах асуудал хууль, эрх зүйн талаасаа бүрэн хангагдаж чадаагүй байгааг харуулж байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, практик шаардлагыг харгалзан Мэргэжлийн хяналтын байгууллагыг хүний амь нас, эрүүл мэнд, амьдрах орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Нийтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, мөн бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, түүнийг хангах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү хуулийг гаргаснаар бизнес эрхлэгчид болон иргэдэд хяналт, шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, хуулийн зохицуулалт, хяналттай болгож, үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг, буруу зүйл хийхээс нь хамгаалан сэрэмжлүүлдэг, гаргасан алдаа, зөрчлийн шалтгааны уг үндсийг таслан зогсоож, арилгахын төлөө эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдтэй тулж ажилладаг хяналтын шинэ тогтолцоо, арга дадлыг бий болгох болно.

Нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Хуулийн төсөл батлагдснаар төрөөс аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналтыг нийтлэг стандартад оруулж, хяналтын давхардал багасч, хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжирч, хяналтын үйл ажиллагааны үр нөлөө дээшилнэ. Түүнчлэн шаардлагагүй хяналтын чиглэлийг хасан, хяналтыг оновчтой төлөвлөснөөр хүний болон төсвийн нөөцийг шаардлагатай хяналтын чиглэлд төвлөрүүлэх боломжтой болно.

Мөн төрийн хяналтын үйл ажиллагаанаас аж ахуйн нэгжид учруулах дарамт багасч, тэдэнд үйл ажиллагаандаа хуулийг хэрхэн дагаж мөрдөх талаар мэдээлэл, зөвлөгөө түлхүү өгснөөр аж ахуйн үйл ажиллагааг дэмжин, хяналт шалгалт хийх үед иргэн, хуулийн этгээдийн эрхийг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хяналтын үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, мэдээллийн нэгдсэн сантай болсноор үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө дээшилж, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулна.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

Аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавих тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан төр, түүний байгууллага, албан тушаалтнаас хяналт тавих асуудлыг зохицуулсан бүх хуулийг судлан, энэхүү хуулийн төсөлтэй нийцүүлэх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулна.