Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2013.12.02

Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 11 сарын 30-ны өдөр хуралдлаа.

Хуралдаанаар Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, татварын болон аж ахуйн нэгжийн хүсэлт, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны саналыг үндэслэн нэр бүхий таван компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан-Өргөө”, тус аймгийн Түнхэл тосгонд байрлах “Царамт-Уул”, Хөвсгөл аймгийн Тариалан суманд үйл ажиллагаа явуулдаг “Сант жаргалант”, Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх “Морьтон Монгол”, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Морьтон Монгол хурд” компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болголоо.