2013.11.15

С.Эрдэнэ: Өрхийн амьжиргааны түвшинг тогтооно

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын зочноор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцлоо.

-Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа энэ сарын 25-нд эхэлнэ гэсэн мэдээлэл байгаа. Судалгааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ судалгаа өмнө нь хийгдэж байсан. Дахин хийж буй шалтгаан нь юу вэ?

-Өмнө нь энэ судалгаа хийгдэхдээ хүн амын өрхийн 60 хувьд хийгдсэн. Бэлтгэл маш муутай. Судалгааг гардаж хийсэн хүмүүс нь туршлагагүй. Ихэнх нь их дээд сургуулийн багш оюутнууд оролцсон судалгаа болсон.

Урьд өмнө нь монголд ийм судалгаа хийгдэж байгаагүй учраас ямар ч дадлага туршлагагүй, сургалт зохион байгуулагдаагүй гээд олон сул тал байсан. Мөн судалгааг зөвхөн өрхөөр авсан, өрхийн гишүүн нэг бүрээр аваагүй.

-Одоо хийгдэх өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд монгол улсын нийт хүн ам бүгдээрээ хамрагдах уу?

-Нийт 2 сая 900 мянга гаруй иргэн, 768 мянган өрх байна. Хүн бүр, айл өрх болгон хамрагдана. Энэ судалгааг хийх гол зорилго нь зорилтот бүлгийг тодорхойлох.

Төрөөс үзүүлж буй нийгмийн халамж үйлчилгээг хэнд хүртээх ёстой вэ гэдэг гол бодлогыг тодорхойлохын тулд зорилтот бүлгийг тодорхойлох шаардлага бий.

Улсын хэмжээнд 9000 орчим хүн ажиллахаар төлөвлөж байна. Энэ сарын 25-нд эхлээд 12 сарын 9-нд дуусгахаар тохирсон. Үндэсний статистикийн хороогоор заавар, дүрэм журмыг батлуулсан.

Судалгааг энэ сарын 25-нд эхлээд 12 сарын 9-нд дуусгахаар тохирсон.
-Энэ судалгаанд бүх хүн хамрагдах шаардлагатай юу?

-Судалгаагаар хэн нэгний баян, ядууг ялгах гэсэн зүйл байхгүй. Монгол улсын нийт өрх, иргэний амьжиргааны түвшинг тодорхойлох гэж байгаа.

Өнөөдөр нийт өрх, иргэнийхээ амьжиргааны түвшинг тодорхойлж чадахгүй бол төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, үйлчилгээг оновчтой хүргэж чадахгүй.

Хавтгайрсан халамж хэвээрээ л байна. Дарга, сайд ажилтан, ажилгүй хэн ч бай энэ судалгаанд хамрагдах үүрэгтэй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...