Сайдын зөвлөл хуралдлаа
Эрчим хүчний Сайдын зөвлөл 2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдлаа. Хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Эрчим хүчний Сайдын зөвлөлийн хуралдаанаар “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах тухай, Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийн асуудлыг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийг эцэслэн найруулаад Засгийн газарт өргөн барих нь зүйтэй
“Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн танилцуулгыг сонсоод Сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, хуулийн үзэл баримтлалын хүрээнд эрх үүргийн харьцааг зохистой хэмжээнд тавих, хуулиа дагаж гарах дүрэм журмын тоог цөөлөх, гол гол яамдаас саналыг нь авч тусгах гэх мэт үүргийг ажлын хэсэгт өгч, хуулийн төслийг эцэслэн найруулаад Засгийн газарт өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.
Бусад хэлэлцсэн асуудлаар холбогдох шийдвэр гаргах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд үзлээ.