Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурал
2013.11.05

Н.Алтанхуяг: Удирдах албан тушаалтнуудаас хариуцлага нэхнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” ээлжит цахим хурлаа өнөөдөр хийлээ.

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамгүй олон ажлын ард гарч чадсан ч Засгийн газар гэдэг том далбаан дороос тодорхой албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг ялгаж ярих шаардлага байгааг Ерөнхий сайд хэллээ. “11 11 төв”-д яам, агентлагуудын ажлын хүнд суртлыг шүүмжилсэн гомдол иргэдээс их ирж байна.

Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр ЗГХЭГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт хийж эхэлсэн. Өмнө нь ийм шалгалтуудаар төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь завшсан олон баримтыг дэлгэж, албан тушаалтнуудаас хариуцлага нэхсэн, цаашид ч дотоод хяналтыг тогтмол хийнэ гэлээ.

“11 11 төв”-д яам, агентлагуудын ажлын хүнд суртлыг шүүмжилсэн гомдол иргэдээс их ирж байна.

Төрийн албан хаагчдыг үлгэрлэн дагуулах учиртай төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар хариуцлага, хандлагаа дээшлүүлэхгүй бол эхнээсээ арга хэмжээ авахуулж байгааг ч дурьдлаа.

Асуудал боловсруулахдаа иргэнд тэр шийдвэр нь яаж тусахыг анхаарахгүй байна. Байшин босгох талаар ярихаасаа өмнө иргэнд хүргэх үйлчилгээгээ сайжруулах зөв зохион байгуулалтыг бодож олох хэрэгтэй гээд Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим саар жишээг хэллээ.

Засгийн газрын хуралдаанд бэлтгэн оруулсан асуудал нь зургаан удаа буцсан тохиолдол гарч байгаа нь яам, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд бичиг баримт боловсруулалтаа чамбайруулах шаардлагатайг харуулж байна. Хэчнээн иргэнд тулгарсан асуудлыг шийдэв, хүнд суртлыг яаж халав, ямар бүтээн байгуулалт хийв гэсэн үзүүлэлтээр яам, агентлагуудын ажлыг дүгнэнэ гээд төрийн байгууллагуудын ажлын уялдаанд оновчтой зохицуулалт хийхийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт даалгалаа.

Олон эх үүсвэрээс шатахуун авдаг болгосон УУЯ болон Газрын тосны газар, барилга, бүтээн байгуулалтын ажлуудыг саатаалгүй зохион байгуулсан БХБЯ, нүүрс болон хүнсний ногооны борлуулалтад оновчтой зохицуулалт хийсэн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын ажлыг энэ удаад сайны жишээгээр нэрлэлээ.

“Шинэчлэлийн Засгийн газар хоёр дахь жилдээ хоёр дахин илүү ачаа үүрнэ. Төр засагтаа итгэх ард иргэдийнхээ итгэлийг дааж ажиллахын тулд удирдах албан тушаалтнуудаас илүү хариуцлага шаардана. Ажилдаа дадлагажих хугацаа гэж одоо байхгүй шүү” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг яам, агентлагийн удирдлагуудад цахим хурлаар санууллаа