Ийгл телевиз Халуун сэдэв нэвтрүүлэг
2013.10.15

Хамгийн том төсөв авдаг хэрнээ хамгийн муу үйлчилгээтэй эрүүл мэндийн салбар

Ийгл телевиз Халуун сэдэв нэвтрүүлгээр энэ удаад ЭМД-ын тогтолцоог хэрхэн шинэчлэх вэ? гэдэг асуудлыг хөндөж байна.

Улсын төсвөөс эрүүл мэндийн салбарын нийт зардлын 76.4 хувийг төлдөг байна. Улсын төсвийн зарцуулалт худалдан авалт өнөөдөр аль ч салбарт үр ашиг муутай байгаа ялангуяа эрүүл мэндийн салбарт төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын үр ашиг маш муу байгааг ганцхан жишээнээс тод харж болно. Дэд бүтэцгүй Яармагт 17 тэрбум төгрөгөөр дэд бүтэцгүй газар эмнэлэг барихаар карказ босгочихсон байгаа.

Ашиглалтад оруулахын тулд дахиад 15 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн. Энэ бол төсвийн зарцуулалтад хяналт тавьдаг механизм байхгүйн нотолгоо мөн. Мөнгө очих ёстой газраа очихоосоо өмнө замаасаа хулгайлагдаж дарга нарын халаасанд ордог жишээ юм. Мэдээж хагас нь эрүүл мэндийн салбарт хүрч байгаа ч чанар сайжрахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Тэгэхээр иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөлд өнөөдрийн байгаа санхүүжилтийн зарчмыг өөрчлөхөөр тусгасан байна. УИХ-ын түвшинд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд ажиллах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахалж ажилласан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хуульд нэг чухал заалт бол өвчтөн эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, бүрэн эдэлж чадаж байна уу гэдэг талаасаа эмнэлгүүдийг хянах хяналтын тогтолцоо нарийн бүрдэнэ. Тиймээс эмнэлгүүд зөвхөн даатгал буюу хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлсний төлбөрийг л авах юм.

Тэгэхээр эмнэлгүүд улсын төсөвтэй харьцахгүйгээр зөвхөн эрүүл мэндийн даатгалын сантай харилцаж. Даатгалын сан өөрөө захиалагч болсноор энэ асуудал нэг мөсөн шийдэгдэх үү?

Эрүүл мэндийн даатгалын сан эмнэлгүүдийг улсын, хувийн гэж ялгахгүй тусламж үйлчилгээг худалдан авна. Гэхдээ ганцхан тухайн эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг гол шалгуур болгоно. Ингэснээр эмнэлгүүдийн дунд өрсөлдөөн бий болно.

Тэгэхээр хамгийн үр дүнтэй сайн эмнэлэг гэдгийг хэн тогтох вэ?

Манайд сайн муу гэж ялгаад шагнал гардуулдаг байсан. Гэтэл бусад оронд эмнэлгүүдийг сайн муу байна уу? Бүрэн үйлчилсэн үү, маргаан гарсан уу гэх шалгуурыг даатгалын хяналтын байгууллага өөрсдөө эрэмбэлдэг. Өөрөөр хэлбэл тэр эмнэлгээр хэдий чинээ их хүн үйлчлүүлж төлбөр авсан байна. Чанар дээр нь санал гомдол гарч байна уу, даатгалтай байгуулсан гэрээгээ хэр мөрдөж байна, нэмэлт төлбөр авч байна эсэхээр хяналтын байгууллага тодорхойлдог.

Даатгалаар эрүүл мэндийн бүх санхүүжилт явах болно. Урд нь даатгалын төлбөр хянагдаад улсын төсвийн зарцуулалтыг хэн ч хянадаггүй хоёр тусдаа сангаас мөнгө ордог байсныг нэгтгээд, хяналтыг сайн хийж үр дүнгээрээ, гүйцэтгэлээрээ санхүүжвэл бодитой болно.