Мэндчилгээ
УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Сайд Ц.Баярсайхан
2013.10.10

Мэндчилгээ

Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойг тохиолдуулан тус салбарт хөдөлмөр бүтээлээ мөнхөлсөн үе үеийн ахмадууд, нийт ажилтан, ажиллагсад та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл-энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөе.

Монгол Улсын хот, суурины хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, үйлдвэрлэл, үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангахад тус салбарын ажил, үйлчилгээ нэн хариуцлагатай чухал үүргийг гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэсээр байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөдрийн байдлаар тус салбарт ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 90 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулж цэвэрлэх үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Ус” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг бэхжүүлж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, оршин суугчдын ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн дэд бүтэц бий болгох олон зорилт дэвшүүлэн, үе шаттай хэрэгжүүлж байна.

Банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэлээ

Сүүлийн жилүүдэд салбарт оруулж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, 2012 онд төсвийн хөрөнгө оруулалтын 67 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж байсан бол 2013 онд энэ дүн 46,4 % болж өссөн байна.

“Иргэдийг орон сууцжуулах талаар авах арга хэмжээний тухай", “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам батлах тухай” Засгийн газрын 2013 оны 135 дугаар, 200 дугаар тогтоолоор тус тус батлуулсан. Үүний үр дүнд хөтөлбөр хэрэгжсэн эхний 49 хоногийн байдлаар иргэд 487.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 8129 иргэнд 463.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэж, орон сууцанд хамрагдсан.

2013 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх төсөл арга хэмжээний төлөвлөлтөөр 290 км орчим дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг шинэчлэх, шинээр угсрах, 12 ш цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, 16 аймгийн 60 худагт ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж, 23 аймаг, суманд усны тоолуурын лабораторын тоног төхөөрөмж, 28 аймаг, сумын инженерийн шугам сүлжээний мэдээллийн сан бүрдүүлэх, 3 сумын шинэ төвийг барьж байгуулах, 5 аймгийн төвд 1000 айлын орон сууцны инженерийн дэд бүтцээр бүрэн хангах ажлууд хийгдэж байна.

Түүнчлэн АХБ, Дэлхийн банк, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Япон, Солонгос, Франц, ХБНГУ зэрэг гадаадын хандивлагч орнуудын зээл, тусламжаар олон арван төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Ийнхүү Улс орны хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр өсч байгаад манай НААҮ-ний салбарынхан урамшиж, төр засгаас гаргасан хууль тогтоомж, зорилт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, хүн амын ажиллаж амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрч, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц. БАЯРСАЙХАН