ДЭМБ-ын төлөөлөгчтэй уулзав
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, гишүүн Л.Эрдэнэчимэг
2013.09.16

ДЭМБ-ын төлөөлөгчтэй уулзав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр /2013.09.13/ уулзаж, санал солилцов.

Уулзалтаар эмийн болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эмийн үндэсний бодлогын талаар хөндөж ярилцлаа.

Чанартай эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, эмийн зохицуулалтыг сайжруулах, цаашлаад улс үндэстний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эм, хүнсний зохицуулалтыг хариуцсан байгууллага байгуулах нь зүйтэйг ДЭМБ-ийн төлөөлөгч зөвлөөд энэхүү төслийг үр дүнтэй байлгахын тулд ЭМЯ болон ҮХААЯ-ны туслалцаа чухал болохыг онцлов.

Мөн манай оронд хамгийн гол нь эмийн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдээгүй байгааг Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын эмийн аюулгүй байдлын тасгийн дарга Вилберт онцолж байв.

Манай улсад нийлүүлэгдэж байгаа болон борлуулагдаж буй эм, эмийн бүтээгдэхүүний 22 хувь нь улсын бүртгэлгүй буюу хууль бус, 18 хувь стандартын шаардлага хангахгүй байгаа нь 2012 онд ДЭМБ-аас хийгдсэн түүвэр судалгаагаар тогтоогджээ.

ДЭМБ-ын төлөөлөгчтэй уулзав

Мөн улсын хэмжээнд нийтдээ 34 эмийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаагаас зөвхөн хоёр нь GMP стандартын шаардлага хангаж байгаа аж. Түүнчлэн борлуулагдаж байгаа эмийн бүтээгдэхүүний үнэ бусад буурай орныхоос гурав дахин үнэтэй байдагийг ДЭМБ-ын төлөөлөгч хэлсэн.

Мөн эм ханган нийлүүлэх лиценз, зөвшөөрөл, бүртгэлийг өөр өөр байгууллага хариуцдагаас хяналт тавихад хүндрэлтэй байдаг тул цаашдаа эмийн үнэ, өртөг, чанар, тендерийн асуудлыг хуулиар зохицуулж, энэ асуудлыг хариуцсан тусгай байгууллага байх нь зүйтэй юм гэдгийг уулзалтын үеэр хөндөж ярилцлаа