О.Баасанхүү: Улстөрчдийн булхайг илчлэхийн тулд дайсангүй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон
“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүүг урьж ярилцлаа.
-Монгол Улсын хөгжлийг аль өнцгөөс нь харж байна вэ. Мэдээж залуу хүний нүдэнд арай өөр зүйл тусч байгаа байх?
-Монгол Улс хөгжиж байна уу, үгүй юу гэдгийг эдийн засагтай холбон тайлбарлах хэрэгтэй. Өнөөдөр миний ганц эмзэглэдэг зүйл бол эдийн засаг сайжирсан ч, муудсан ч гэсэн нийгмийн ядуурал арилахгүй байгаа асуудал.
Цаашлаад ажилгүйдэл буурахгүй байна. Нийгмийн эмзэг давхаргын нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа. Тиймээс Монгол Улсыг хөгжихгүй байна гэж дүгнэж байна. Гэхдээ дэлхий нийтээрээ даяарчлагдаж байгаа өнөө үед тодорхой хэмжээний өөрчлөлтөд явж байгаа. Энэ нь зарим хүнд хөгжил мэт харагдаж байж магадгүй.
-Ер нь улс орны хөгжлийг улам эрчимжүүлэхийн тулд хаанаас, юунаас эхлэх вэ?
-Нэн тэргүүнд эрх зүйн тогтолцоо буюу хууль тогтоох байгууллагаасаа эхлэх ёстой. Хууль тогтоох байгууллагаар орж байгаа хууль өөрөө стандартын шаардлага хангахгүй байна шүү дээ. Тодруулбал, баян хүнийг улам баяжуулдаг, гадны туршлага гэсэн нэрээр шууд оруулж ирж байна. Монголын хөрсөнд суулгах ямар ч арга хэмжээ авдаггүй.
Түүнчлэн гадны байгууллагын шахалт байна. Заавал ийм хуулийг батла. Ийм журмыг оруулах юм бол хамтарч ажиллана гэж шахалт үзүүлж байна. Энэ мэт гайнуудаас болоод Монгол Улсын хөрсөнд буусан эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Зохицуулалтгүйгээс болоод манайд ардчиллаасаа илүү анархизм бий болчихлоо.
Анархизмийн төвшинд байхад аливаа асуудлыг яаж хөгжүүлэх вэ гэж ярихад хэцүү болж байна. Аливаа хөгжлийг эхлүүлэхдээ энгийн зүйлээс эхлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн амаа хэрхэн хөгжүүлэх вэ, би өөрөө хэрхэн хөгжих вэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Тиймээс хөгжлийг хүмүүс өөрөөсөө эхэлж харах шаардлагатай юм.
Би хөгжиж чадаж байна уу. Надад тэгш боломж олдож байна уу гэдгээр нь илүү дүгнэлт хийх хэрэгтэй. Бидэнд ийм боломж байхгүй байгаа болохоор асуудал бүхэн буруу тийш эргэж байна. Тиймээс, Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд боловсролд нь анхаараад зогсохгүй тэгш боломж олгох нь бололцоог бий болгож өгөх хэрэгтэй.
-Манай улсыг залуучуудын орон гэдэг. Тэгэхээр залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах, ажиллах тал дээр хэр их бололцоог олгодог бол?
-Залуу хүн ядуу байгаагаасаа огт ичих хэрэггүй. Харин мэдлэггүй, боловсролгүй байгаагаасаа ичих хэрэгтэй. Тиймээс залуу хүн ажил хайх биш. Ажил нь залуу хүнийг хайдаг тэр төвшинд хүргэх ёстой. Өөрөөр хэлбэл, үнэхээр мэдлэгтэй боловсролтой, чадалтай залуучуудыг өнөөдөр булаацалдаад, үнэ цохиод авдаг тэр тогтолцоо руу орох хэрэгтэй.
Харамсалтай нь манайд боловсролын системийн болоод эрүүл мэндийн системийн гажуудал, дээрээс нь хэдэн олигархи энэ улсыг хуваагаад идчихсэн байна. Ийм нөхцөл байдлаас хамаараад залуучууд нь хэчнээн өндөр боловсролтой, мэдлэгтэй байсан ч гэсэн өнөөдөр тэднийг үнэлээд авчих, бодит үнэлэмж өгчих компани, аж ахуйн нэгж алга. Нөгөөтэйгүүр, залуучууд нь өөрсдийгөө хөгжүүлэх тэр боломж бололцоо нь алга байна.
Тиймээс үүнийг л өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлтийг доороосоо бус өөрчлөлтийг дээрээсээ эхлүүлэх шаардлага байна. Энэ нь ч зарчмын хувьд зөв байдаг. Түүнчлэн доор байгаа суурь хөдөлгөөн багатай байдаг. Ийм учраас хөдөлгөөн багатай массыг хөдөлгөх хэрэггүй. Үүний оронд үргэлж хөдөлгөөнд ордог масс болон дундаж давхаргыг өргөсгөх юм бол тэр хэмжээгээр нийгмийн хөгжил явна.
-Та дээр хэлэхдээ манайд маш олон гажуудал байгаа гэлээ. Тодорхой дурьдвал?
-Үүнээс салахын тулд хууль эрхзүйн тогтолцооноос эхлэх ёстой. Энэ бол нэн тэргүүний асуудал. Өнөөдөр тодорхой хэмжээний эрх зүйн шинэчлэл гээд ярьж байгаа ч яг тэрэнд нь таарсан боловсон хүчин, эрхийн ухамсар байна уу гэдгийг үнэлж дүгнэх зайлшгүй шаардлагатай. 1990-ээд оны үед цөөхөн гадаад хэлтэй хүмүүс түрүүлж интернэт харж, мэдээлэл авсныхаа төлөө бүлэглэсэн байдлаар хандаж байсан.
Тэгэхээр өнөөдөр нийтлэг, нийгэм рүү чиглэсэн бодлого явуулахгүй бол хувь хүнд хандсан бодлоготой байгаа болохоор асуудал үүсээд байна. Өөрөөр хэлбэл, олигархиудаасаа салж байж улс орон хөгжинө. Энэ бол хөгжлийн нэг гарц нь шүү дээ. Олигархуудад дөрвөн хүч бий. Тэд хэвлэл мэдээлэл, мөнгө, төрийн албан тушаалтан дээрээс нь өндөр албан тушаалд хүрчихсэн байна.
Тиймээс тэднийг өөрчлөөд олон нийтэд хандсан бодлого явуулах юм бол улс оронд хөгжил ирнэ. Тэр дундаа залуучуудад маш их боломж бололцоо нээгдэнэ. Бусад улс оронтой харьцуулахад үндэсний үйлдвэрлэл нь хөгжиж байж тухайн орон хөгждөг. Ирээдүйд үлддэг зүйл нь үйлдвэр болоод үйлдвэрлэгчид л байдаг. Тэгэхээр улс орны хөгжил хурдан ирээсэй гэж хүсэхийн оронд бие биенээ үгүйсгэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Ийм л хаус үүсчихсэн байна. Өнөөдөр эдийн засгийн хямрал гэж бид яриад байгаа. Үүнийгээ дагаад ам.доллар өсч байна. Энэ бол нэг их сүртэй зүйл биш. Ер нь хэд ч хүрч болно шүү дээ. Түүнээс ч илүү чухал зүйл байгаа гэдгийг огт ойлгохгүй юм. Өөрөөр хэлбэл, дөнгөж он гараад барилгын салбар унавал яах вэ. Тэгвэл 60 гаруй мянган хүн огт ажилгүй болно. Бусад үйлдвэрлэл зогсвол яах вэ.
Нийтдээ 150 гаруй мянган хүн ажилгүй, орон байргүй болвол яах вэ. Ингэсэн тохиолдолд энэ бүх хүний дотор нийгмийн бухимдал үүснэ. Энэ л хамгийн аймшигтай шүү дээ. Тиймээс эдийн засгийн хямрал, улс орны доройтлоос үргэлж, болгоожилж байх үүрэгтэй.
-Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг гэж боддог. Харин та хэрхэн хувь нэмрээ оруулснаа сонирхуулаач?
-Би 1990 он гэхэд 18 хүрчихсэн хөдөлмөрийн насны залуу байсан. Энэ үед нийгэм, цаг төрийн байдал хэцүү ганзагын найманд явж, зах дээр зогсч байсан. Тэр утгаар ч юм уу “Нарантуул” захынхныг хүмүүс адлаад байдаг. Гэтэл тэдний оруулсан мөнгө, татвараар бид бүхэн өнөөдөр амьдарч байна шүү дээ.
Түүнчлэн би хууль зүйн салбарт 15 жил ажилласан. Энэ хугацаанд төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлээд, зөвлөгөө өгч байсан үе бий. Учир нь улс орны ачаанаас болон нийгмийн тодорхой баялагт тус болох юмсан гээд сургалт явуулж байсан ч үе бий.
Дараа нь УИХ-ын гишүүн боллоо. Ингэхдээ би дөрвөн чиглэлээр гол ажлаа хийе гээд бодож байгаа. Тодруулбал, тодорхой хүмүүст баялаг, мөнгө нь байна. Түүнийг байхгүй байгаа хүмүүст шилжүүлэхэд нь зуучлах байдлаар тусалж байна.
Гэр байхгүй хүмүүсийг гэртээ болгох, гадагшаа эмчилгээнд явах гээд мөнгөгүй байгаа иргэнд туслуулах, сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, бага насны хүүхдэд сар бүр мөнгөн тэтгэлэг үзүүлэх гэсэн зүйлд гүүр нь болж явж байна. Энэ бүхэнд туслахад надаас нэг ч төгрөг гараагүй. Мөнгө бололцоо хоёр нь нэг газар байна. Харин түүнийг хэрэгтэй, хэрэгцээтэй хүмүүст холбож өгч байна.
Түүнчлэн эрүүгийн хуулийн ялыг тэгшитгэх бодлого хийе гэж байгаа. Монгол үндэсний тархлааг бий болгоход анхааръя гэж бодож байна. Сүүлийн үед цэцэрлэгийн асуудлыг их хурцаар тавьж байгаа. Үүнийг шийдэх бүрэн боломж манайд байна. Өнөөдөр айл болгоны гадаа христийн сүм барьчихсан байна. Харин энэ байшинг түрээслэх боломжийг олгох ёстой. Мэдээж тэд чинь хүмүүнлэгийн хүмүүс болохоор өндрөөр түрээслэхгүй нь ойлгомжтой.
Харин улсаас дунд нь зохицуулалт хийгээд, мэргэшсэн багш нараар нь хангаад өгчих. Харин үүнийгээ өдөр өнжүүлэх гэнэ үү, цэцэрлэг гэнэ үү дураараа болох хэрэгтэй. Хамгийн чухал нь дөрвөн зүйлийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал, хүмүүжил, хоол унд, эрүүл ахуйн асуудал, тохилог орчинтой байх ёстой.
-Гишүүд сарынхаа цалинг мэддэггүй. Зарим нь оюутны төлбөр энэ тэрд явуулчихдаг. Нэг бол туслахууд нь үрчихдэг мэтээр яриад байдаг. Харин та ингэж хандивлаж байна уу?
-Цалин минь надад хэрэгтэй. Улс орныг чинь гэр бүл авч явдаг шүү дээ. Би чинь бас нэг гэр бүлийн субьект биз дээ. Тиймээс гэр бүлээ тэжээх хэрэгтэй шүү дээ. Зарим нь бусдын төлөө төрчихсөн өөрийгөө боддоггүй зэргээр худлаа яриад байдаг. Миний хувьд бол өөрийгөө ч, өрөөлийг ч боддог. Гэхдээ өөрийгөө бодохоос гадна бусдад илүү бололцоогоор туслана гэж боддог. Би тэдэн шиг худлаа ярихгүй.
-Ер нь улс орны нөхцөл байдлыг гаднаас нь ажиглах, дотор нь орж ирээд бодлогыг зангидаад явахад ялгаа их байгаа биз?
-Гаднаас нь харахаар их сүрдмээр байдаг. Харин дотор ороод ажиллахаар нянгарууд ихтэй юм байна. Энэ 76 дотор нянгарууд олон байна. Ер нь бол элсэн дээр барьчихсан байшин шиг байна. Суурь боловсрол, мэдлэггүй, чадваргүй сайн жүжигчид олонтой юм.
Магадгүй би өөр нэг гишүүнтэй зэрэгцээд сууж байхад тэр надаас илүү ард түмэнд таалагдана. Учир нь тэр хамгийн сайн жүжигчин болохоороо тэр шүү дээ. Харин би өөрт байгаа хэлбэрээрээ л байгаа. Таалагдвал тэр л биз. Таалагдахгүй бол яах вэ дээ гэж бодно. Ер нь хүмүүсийн юу сонсохыг хүсч байна түүнийг нь хэлж чаддаг.
Тэрэнд нь тааруулж их ярьдаг. Дараа тэгээд л худлаа молиго үмхүүлдэг шүү дээ. Тиймээс би энд байх хугацаа бодит үнэнийг нь олон нийтэд гаргаад илчлэх юмсан гэж бодож байгаа.
-Тэр чигтээ хуйвалдаан, булхайгаар дүүрэн гэдэг шүү дээ. Та чадна гэдэгтэй итгэлтэй байна уу?
-Аливаа үнэнийг гаргахын тулд аргаа зөв сонгох хэрэгтэй. Тиймээс аль болох би дайсангүй байх ёстой юм байна лээ. Олон жүжигчнийг өөрийнхөө эсрэг болгох юм бол нөгөө хэд чинь намайг нийлээд эсрэг талын дүрд тавьчихна. Тэгэхээр эндээс би биш үнэнийг мэдэх ёстой олон нийт хохирно шүү дээ. Тиймээс зорилго нь ч арга нь ч зөв байх ёстой. Иймээс би арга дээрээ их анхаарч байгаа шүү.
-Улс төр чинь мөнхийн дайсангүй, мөнхийн найзгүй гэсэн зарчмаар явдаг гэдэг. Та ч бас энэ зарчмыг мөрдөж байгаа хэрэг үү?
-Надад мөнхийн дайсан байгаа. Эх орноосоо урвасан, гадаадын тагнуул болсон хүнтэй би эвлэрч чадахгүй. Ингээд хэлэхээр хүмүүс аяндаа мэдэж байгаа. Түүнчлэн надад мөнхийн найз байгаа. Монгол Улсын төлөө бүх зүрх сэтгэлээрээ явсан хүний үйлсэд жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог.
-Та намынхаа даргыг хэлж байна уу?
-Зөвхөн Н.Энхбаяр даргыг хэлэх хэрэггүй. Тэр хүн ийм зүйлийг хийсэн ч байж болно. Үгүй ч байж болно. Харин миний хэлээд байгаа зарчим өөр шүү дээ. Тиймээс мөнхийн найз, мөнхийн дайсан ч байна гэж хэлмээр байна. Түүнээс мөнхийн дайсан, найз байхгүй гээд явбал нөгөө хэдэн жүжигчид шигээ болно. Цаашилбал, Ардын жүжигчин болчих биз.
-Шударга, ил, тод, өөрийнхөөрөө байх гээд явахаар ганцаарддаг уу. Мэдээж аль нэг талаараа заавал дэмжлэг хэрэгтэй биз дээ. Хэт их өөрийнхөөрөө байх гээд байвал эцсийн мөчид ганцаар үлдчих гээд байдаг гэж хүмүүс хэлдэг?
-Надад хэвлэл мэдээллийнхэн байна. Учир нь сэтгүүлчдийн амьдрал, миний амьдрал их адилхан санагдаад байдаг. Тэд ч, би ч өөрт байдаг бүхий л боломж бололцоог шавхаж байж л энэ хэмжээнд хүрсэн байх. Сэтгүүлчид хэзээ ч намайг шоолж байгаагүй. Харин ард түмний амьдралаас хулгайлсан хулгайчид намайг шоолдог. Тэдний амьдралд ярих гээд ч түүх байхгүй шүү дээ.
-Ярилцлагын сэдэв маань нэлээд хазайчихлаа. Эргээд сэдэв рүүгээ оръё. Хуулиа шинэчлэвэл улс орон маш хурдан хөгжинө гээд байгаа. Мэргэжлийн хүний хувьд хаанаас нь эхэлмээр санагддаг вэ?
-Шинэ юм байх ёстой юу эсвэл байгаа зүйлээ сайжруулах хэрэгтэй юу гэсэн асуулт нэн тэргүүнд урган гарна. 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлаад 21 жил болж байна.
Түүнээс хорин хэд биш 200 гаруй жил болоосой гэж бодож, мөрөөдөж явдаг. Учир нь Үндсэн хууль тогтвортой байвал улс орон тогтвортой байна. Хууль гэдэг чинь өөрөө шинжлэх ухаан байхгүй юу. Тиймээс шинжлэх ухааныхаа онолыг мэдэхгүй байж, шүүмжлэх хэрэггүй. Түүнчлэн бүх зүйлийг яаж үндсэн хуулиндаа нийцүүлж явах вэ гэдгийг шийдэх ёстой. Саяхан төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөлөгчөөр хангах тухай хууль батлагдсан.
Гэтэл хохирогчийг нь яах юм бэ. Төлбөрийн чадваргүй хохироосныг нь хайрлаж болно. Хохирсныг нь хайрлахгүй гэсэн үг биз дээ. Гэтэл яс юман дээрээ хохирсон нь ч, хохироосон нь ч ядуу л байдаг.
-Хууль зүйн чиглэлээр мэргэшсэн гишүүд олон байдаг хэрнээ баталсан хуулийнх нь насжилт яагаад богинохон байна вэ. Шинээр баталсан хууль нь хэдэн жил болоод шинэчилсэн найруулгаар орж ирэх юм?
-Гадаадын хөрөнгө оруулалт Монголд орж ирэхгүй байна гээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталъя гээд байгаа. Учир нь гадныхан чинь Монголыг хууль муу байгаа юм байна. Тиймээс хөрөнгө оруулалт хийхгүй, ирэхгүй гээд байгаа зүйл огт биш шүү дээ.
Хамгийн чухал нь баталсан хууль тогтворгүй байна гэсэн шалтгаанаас айгаад байгаа байхгүй юу. Өнөөдөр манай улсад хүрээд ир. Хэдэн жилээр татварыг нь хөнгөлье гээд хамаг сайхнаараа ярьчихдаг. Гэтэл дараагийн хүн нь томилогдоод энэ ч тэр нь ч болохгүй байна гээд өөрчлөх зүйл яриад явдаг.
Түүнчлэн огт хөдлөх ёсгүй хууль нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Иргэний хууль юм шүү дээ. Яадаж 50-100 жилийн насжилттай байвал дээр юмсан. Мөн өнөөдөр Х.Тэмүүжин шиг хүн Эрүүгийн хууль хийчихдэггүй л байхгүй юу.
Ц.Нямдорж 76 дотроо хамгийн их өрөвдөлтэй нь шүү дээ.
Эрүүгийн хуулийг хийхийн тулд ядаж хавтаст хэргийг гурван удаа боловч эргүүлээд харчихсан байх шаардлагатай. Миний хувьд хуулийг зүйл заалтаар нь ангилж, задлахаасаа санаа их зовдог. Би чинь практик дээр илүү голчилсон учраас онол юу ч билээ гэж их боддог.
Шинэ нөхцөл байдал гарчихсан байж магадгүй хэмээн их эмээдэг. Тиймээс Хууль зүйн сайдыг Мөрдөн байцаах газрын дарга хийвэл илүү их амжилтад хүрэх гэж боддог. Учир нь “од” болж харагдахад илүү том боломж тэнд байна шүү дээ.
-Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулна гээд байдаг. Үнэхээр гар хүрэх шалтаг шалтгаан байна уу?
-Үндсэн хуулийг өөрчлөх онолын ухамсартай, боловсон хүчин дэндүү ховор байна. Мундаг нэртэй ясны хуульчид их цөөрч байна. Энэ үед Үндсэн хуулиараа оролдвол улстөржсөн хууль болох болно. Хэрвээ улстөржсөн хууль болох юм бол ганц удаагийн хөдөлгөөнөөр дарангуйлал бий болгох бүрэн боломжтой.
Тэр утгаараа үндсэн хуулийг өөрчлөхийн тулд эхлээд онол, практикийн тодорхой, эрхийн ухамсарын нэг шийдэлд хүрэх ёстой. Үндсэн хуультай байна гэдэг чинь тусгаар тогтнолын баталгаа байна гэсэн үг. Тусгаар тогтнолыг гол баримт бичиг нь Үндсэн хууль шүү дээ.
Тиймээс Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа дээдэлдэг байх ёстой. Түүнчлэн манайхан чинь Үндсэн хуулиа зөрчсөн УИХ-ын гишүүнтэй шүү дээ. Ц.Нямдорж гээд хүн бүр мэдэж байгаа. Гэтэл энэ хүн өнөөдөр том, том дуугараад олон юм яриад байж байна. Би үнэхээр өрөвддөг.
-Ц.Нямдорж гишүүнийг үү?
-Би хүнийх нь хувьд өрөвддөг. Түүхэндээ Үндсэн хуулийг зөрчиж явсан гэдгээрээ л үлдэнэ шүү дээ. Хэрвээ би Ц.Нямдоржийн оронд байсан бол самбар энэ тэр дээр зургаа тавиулахаасаа ичээд үхчихнэ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчинө гэдэг чинь өөрөө аймшигтай зүйл байхгүй юу. Энэ хүн бол албан тушаалаа өгөх хэрэгтэй. Тиймээс Ц.Нямдорж 76 дотроо хамгийн их өрөвдөлтэй нь шүү дээ.
-УИХ-ын гишүүд нэр хүндээ их алдаж байна. Өөрөөр хэлбэл, од болохын хүслэнд автчихаж. Нэр цохоод байх ч шаардлагагүй. Мэдэж байгаа байлгүй дээ?
-Дахин сонгогдох уу. Нөгөөтэйгүүр байгаадаа сэтгэл ханаж, өөрт олдсон боломжоо олигтойхон ашиглаад, хийсэн бүтээснээрээ ард түмэндээ дурсагдаж амьдрах уу гэдэг сонголттой л тулгардаг гэж би ойлгодог.
Би 2016 онд дахин УИХ-д сонгогдоно гэхээсээ илүүтэй хүрд эргэх боломжоо ашиглаж, яаж хэрэгтэй зүйл хийх вэ гэж бодол болдог. Би өөрийгөө ард түмний нэгээхэн хэсэг гэж ойлгодог.
-Иргэдтэй уулзаад үзэл бодлыг нь сонсоод явахдаа та хэр нээлттэй хүн бэ?
-УИХ-ын гишүүн болсноос хойш хөдөө, орон нутаг иргэдийн дунд нэлээд явлаа. Би ихэвчлэн гудамжаар явган явдаг. Замд тааралдсан нэгэнтэй мэндлээд өнгөрөх нь бий. Тиймээс би алдар гавьяа, эрх мэдэлд тэгтлээ дурлаад байдаггүй. Саяхан Хууль зүйн сайдыг торголоо. Торгосон цагдааг нь шагналаа.
Энэ чинь инээдэмтэй, эмэгнэлтэй жүжиг байхгүй юу. Учир нь өдөрт хэдэн мянган иргэдийг цагдаа нар торгож байгаа. Хэрвээ цагдаа нь үнэхээр Хууль зүйн сайдаа торгоё гэж байгаа бол Улсын Ерөнхий прокурорт хүсэлт бичнэ. Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хандана. УИХ-аас эрхийг нь түдгэлзүүлнэ. Харин түдгэлзүүлсний дараа цагдаа торгуулиа бичнэ гэсэн хуультай.
-Шууд торгочихож болдоггүй хэрэг үү?
-Шууд очоод торгочихож болохгүй шүү дээ. Дээр хэлсэнчлэн гишүүний эрх нь ийм юм. Харин энэ бүхний дараа нөгөө нь хүн нь эрхээ сэргээж, тангаргаа дахин өргөнө. Ингэж шийдсэн бол жинхэнэ гоё болох байсан. Миний хувьд ч гэсэн зөндөө л замын хөдөлгөөний зөрчил гаргадаг. Нуугаад яах вэ.
Гэхдээ алдааг би гаргахын тулд гаргадаггүй. Тиймээс алдааг хүмүүс гаргахын тулд гаргаад байх хэрэггүй шүү дээ. Иймээс би алдаа гаргачих вий гэж их айдаг. Яагаад гэвэл надад ичих булчирхай бий. Тиймээс хүн бүр гаргасан алдаанаасаа ичих хэрэгтэй. Түүнээс гаргасан алдаагаараа бахархдаггүй байх ёстой.