Ажлын хэсгийнхэн корпорацийнхантай уулзаж, тэдний саналыг нээлттэй сонслоо.
2013.08.16

Тавдугаар цахилгаан станцын сонгон шалгаруулалтыг энэ сард хийнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын урд Хөлийн хөндийд баригдахаар газар нь шийдэгдсэн “Улаанбаатарын дулааны цахилгаан станц V” ашиглалтад орсноор 450 MВт хүчин чадалтай, үр ашигтай дулаан, эрчим хүч Улаанбаатар хотод нэмэгдэнэ.

Хоёр Засгийн газар дамжин яригдаж буй эл төслийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор 11 консорциум санал ирүүлснээс “International power”, “Samsung C&T” консорциум шалгарч үлдээд байна.

Энэ төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах, гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийнхэн өнөөдөр эдгээр корпорацийнхантай уулзалт хийж, тэдний саналыг нээлттэй сонслоо.

Энэ арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар оролцлоо.

Шалгаруулалтад 11 консорциум санал ирүүлснээс “International power”, “Samsung C&T” консорциум шалгарч үлджээ.

Ажлын хэсгийнхэн төслийн хүрээнд хийгдсэн болоод одоо хийгдэж буй ажлууд, станц барих газрын байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан  Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдийн хийсэн санал, зөвлөмж, шалгарч үлдээд байгаа хоёр консерциумын төсөлд өгсөн  хамгийн сайн эцсийн санал (BAFO)–ын дүнг танилцууллаа.

Үүнд нийт хөрөнгө оруулалт, сүлжээнд нийлүүлэх цахилгаан, дулааны тариф, барилгын ажлыг гүйцэтгэх хугацааны талаарх мэдээллүүд багтсан байлаа. Энэ үеэр талууд нэг нэгнээсээ асуулт асууж хариулт авч байв.

Үүний дараагаар Эрчим хүчний сайд М.Сономпил “Манай улсад хамгийн ашигтай санал өгсөн корпорацийг шалгаруулна. Хоёр талын мэдээллийг нээлттэй сонслоо. Ажлын хэсгийнхэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн хийнэ. Энэ наймдугаар сард багтаан сонгон шалгаруулалтаа хийх болно” гэж мэдэгдлээ.