Хуулийн төслийг хэлэлцлээ
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар эдийн засгийн нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газарт мэдээлэл өглөө.
Хуралдаанаар газрын тосны чиглэлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулах журмыг шинэчлэх тухай авч хэлэлцсэн бөгөөд шалгаруулалтыг ил тод, нээлттэй болгоход илүүтэй анхаарсан байна. Энэ чиглэлээр 101 иргэн суралцах гэрээ байгуулснаас одоогийн байдлаар 66 хүн сургуулиа төгсөөд байгаа юм.
Мөн энэ хурлаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн зохицуулалтыг сайжруулсан шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийджээ.
Хуулиар соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үзмэрийн хуулбар, загвараар бэлэг дурсгалын эд зүйл хийх, борлуулах, үйлдвэрлэх ажиллагаанд мерчандайзинг ашиглах боломжийг бүрдүүлж, мерчандайзийн гэрээнд заавал тусгах шаардлага, нөхцөлийг тодорхойлох юм.