Монгол нүүрсний зах зээлээ Австралид алдах нь
Өнгөрсөн жилүүдэд төр засгийнхан маань “БНХАУ манай нүүрсийг авч л таарна” гэж хөөрцөглөхөөс өөрийг үндсэндээ хийсэнгүй. Аль 2010 онд батлагдсан төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх ажил энэ зунаас л эхэлж байна шүү дээ. Төр засаг юу ч хийсэнгүй гэдгийг ердөө дээрх жишээгээр л хангалттай нотолж байна.
Гэтэл энэ хооронд Монголын найдвар гэгдэж байсан урд хөрш маань нүүрсээ илүү найдвартай, том эх үүсвэрээс авахад анхаарч эхэлжээ. Мэдээж энэ нь Австрали улс. Одоохондоо Монголын нүүрсний экспортын хэмжээг Австралитай зүйрлэх хол байна. Энэ улс жилдээ 250 сая тонн сайн чанарын нүүрсийг дэлхийн олон улсад экспортолдог.
Харин манай улс хамгийн ихдээ л 2011 онд 21 сая тонн нүүрс экспортолсон. Энэ нь Австрали улсад үер бууж, нүүрсний уурхайнууд түр хугацаагаар хаагдсан үетэй давхацдаг. Өөрөөр хэлбэл, Австралид үер буусан нь Монголд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх “далим” болсон хэрэг.
2011 оноос хойш 2012, 2013 онд монголчууд нүүрсний экспортоо нэмэгдүүлж чадсангүй. Гэтэл Австраличууд нүүрсний экспортоо улам нэмэгдүүлэхийн сацуу нэг тоннд шингэх өртгийг ч хангалттай бууруулж эхэлжээ. Тийм ч учраас урд хөршийнхөн илүү найдвартай гэх Австрали улсыг сонгох болсон байна.
Ганц Австрали ч гэлтгүй ОХУ, Индонез зэрэг өөр эх үүсвэрүүдээс нүүрсээ татаж эхэлжээ. Урд хөршийн хэрэглээ буурснаар нүүрсний үнэ огцом буурсан нь манай гол экспортлогч болох “Эрдэнэс Тавантолгой”-г экспортоо зогсоохоос өөр аргагүйд хүргэсэн. Нэг тонн нүүрсний зах зээлийн үнэ тээвэрлэлтийн өртөгдөө ч хүрэхээргүй болсон.
Төмөр зам
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс ТТ” нэг тонн нүүрсийг уурхайгаас олборлоод, хил хүргэхэд 60 орчим ам.доллар зарцуулдаг. Гэтэл зах зээлийн үнэ 50 орчим ам.долларт хүрч буурсан. Ингэснээр “Эрдэнэс ТТ” нэг хэсэгтээ л экспортоо зогсоосон нь урд хөршийн итгэлийг эвдсэн байж болох юм.
Уг нь бидэнд төмөр зам байсан бол нэг тонн нүүрсний тээврийн өртөг одоо байгаагаас дор хаяж 20-30 хувь буурах боломжтой. Харамсалтай нь төмөр замгүйгээс болоод манай улсын нүүрсний тээврийн БНХАУ-д хүрэх өртөг Австралиас Хятад хүрэх өртөгтэй тэнцэж байна.
Австралийн нүүрсний тээврийн өртөг БНХАУ хүртэл хэдэн мянган км-т нэг тонн нь ердөө 76.2 ам.доллар гэх судалгаа бий. Харин манай нүүрсний тээвэрлэлт ердөө Тавантолгойн ордоос Гашуун сухайтын хилийн боомт хүрэх 200 гаруй км-т 60 ам.доллар болж байна.
Ийм өндөр өртөгтэй тээвэрлэлт хийчихээд бид Австраличуудтай өрсөлдөж, урд хөршийг нүүрсээр хангана гэдэг үндсэндээ ямар ч боломжгүй зүйл болов уу. Тийм ч учраас сүүлийн үед төмөр замаа л яаравчлан барьж, нүүрсний тээврийн өртгийг бууруулах хэрэгтэй гэдгийг энэ салбарын судлаачид, эдийн засагчид хэлэх боллоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай тээвэрлэлтийн зардал Австралиас нүүрс зөөх зардлаас хэд дахин илүү байна. Тийм учраас логистик, тээврийн зардлын асуудлаа яаралтай шийдэх ёстой” гэжээ.
Түүнчлэн Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Б.Галсандорж “Манай улс төрийн бодлогогүйгээсээ болж зах зээлээ бусдад алдаж байна. БНХАУ-ын Австрали, Индонез, АНУ-аас авах нүүрсний импорт нэмэгдсэн” хэмээсэн байсан.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн захирал Д.Дамба мөн “Нүүрсний зах зээлд төмөр замын бодлого үгүйлэгдэж байна” гэсэн бол “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан М.Энхсайхан “Уул уурхайн хөгжилд төмөр зам саад болно” гэж хэдэн сарын өмнө өгсөн ярилцлагадаа дурьдсан удаатай.
Манай нүүрсний тээвэрлэлт ердөө Тавантолгойн ордоос Гашуун сухайтын хилийн боомт хүрэх 200 гаруй км-т 60 ам.доллар болж байна.
Энэ бүхнээс харахад төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх нь Монголын уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний экспортод тулгамдсан асуудал болчихоод байна. Уг нь үүнийг УИХ, Засгийн газар аль гурван жилийн өмнө олж хараад, төмөр замын бодлогоо баталсан. Харамсалтай нь төмөр зам одоо болтол алга.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2010 онд гаргасан урьдчилсан ТЭЗҮ-ээр нэг км төмөр зам барих өтгийг 2.3-2.8 сая ам.доллар гэж тооцсон. Энэ өртгөөр бодоход эхний ээлжийн 240 орчим км төмөр замыг барихад 600 орчим сая ам.доллар хэрэгтэй болж байгаа юм.
Энэ хэмжээний мөнгө нь өмнөх Засгийн газрын нэг жилийн хугацаанд иргэдэд зүгээр тараачихсан халамжийн мөнгөнөөс арай бага тусаж байна. Ийм байхад төмөр зам барилгүйгээр өдий хүрснийг юу гэж ойлгох вэ. За нэгэнт өнгөрсөн асуудал болог. Одоо харин төмөр замаа хурдан ашиглалтад оруулах хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол бидний ганц найдвар болсон урд хөршийнхөн маань нүүр буруулах вий дээ. Ер нь бол аль хэдийнэ нүүр буруулаад эхэлчихсэн байна. Нүүрсний экспортоороо хөгжлийн өндөрлөгт хүрэхийг зорьсон манай улсын хувьд энэ “түгшүүрийн дохио” биш гэж үү.