Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа.
2013.07.05

Тахарын албаны тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.07.05/ нэгдсэн хуралдаанаар Маршалын албаны тухай хуулийн төсөл, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

“Маршалын албаны тухай” гэсэн хуулийн нэрийг “Тахарын албаны тухай хууль” гэж өөрчлөхөөр болов.

Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулсан. Танилцуулгатай холбоотойгоор гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томъёоллоор санал хураалгахад олонхийн дэмжлэг авав.

Тухайлахад “Маршалын албаны тухай” гэсэн хуулийн нэрийг “Тахарын албаны тухай хууль” гэж өөрчлөхөөр болов.

Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад хуралдаанд оролцсон 48 гишүүний 42 нь буюу 87.5 хувь нь дэмжив.

Шинэ хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлэв.

Тахарын албаны тухай хуулийн танилцуулга


  Тахарын албаны тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан ба энэ хуулийг дагаж Гүйцэтгэх ажлын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Монгол Улсын хилийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Монгол Улсын батлан хамгаалах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон.

  Тахарын албаны тухай хууль нь хууль сахиулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Монгол Улсын тахарын албаны тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тахарын алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна. Монгол Улсын тахарын алба шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, ялтан шилжүүлэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх гэсэн зургаан чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан.

  Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, гэрч, яллагдагчийг албадан ирүүлэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажлыг өнөөг хүртэл цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлж ирсэн. Ингэснээр цагдаагийн байгууллага зөвхөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бус бусад чиг үүргийг хэрэгжүүлэхэд хүч, нөөцөө зарцуулж байсан. Түүнчлэн зарим чиг үүргийг хариуцах эзэн тодорхой бус, тусгайлан зохицуулагдаагүй байсан. Энэхүү хуулийг баталснаар шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүгч хараат бус байх зарчмыг бодитоор хэрэгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд шүүх хурал тасалдах болон шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийг бууруулна. Түүнчлэн гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэнээр гэмт хэрэг хянан шийдвэрлэлтийг сайжруулна.

  Гүйцэтгэх ажлын тухай хуульд тахарын алба оргосон яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, шүүх, шүүгч, гэрч хохирогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн аюулгүй байдалд халдлага, хор аюул учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрхтэй байхаар холбогдох өөрчлөлт оруулсан.

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаа, хорих байгууллага хэрэгжүүлэхээр заасныг тахарын алба болгохтой холбогдсон өөрчлөлт оруулсан.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүх хуралдааны журам сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудснаар ирэхгүй байгаа яллагдагч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг тахарын алба гүйцэтгэхээр өөрчлөлт оруулсан.

  Монгол Улсын хилийн тухай хуульд шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээлэл, лавлагааг тахарын алба авах, тахарын албанаас хилийн бүс орчимд эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд хил хамгаалах байгууллагаас хүн хүч, автомашин, техник хэрэгслээр туслахтай холбогдсон өөрчлөлт оруулсан.

  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тахарын албанаас уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлахад байгаа газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах үүргийг байгаль хамгаалагчид өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тахарын алба тухайн орон нутагт хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд байгаа шаардагдах хүн хүч, автомашин, техник, шатахуун, орон байр болон бусад хэрэгслээр туслах чиг үүргийг Засаг даргад өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

  Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд гэмт хэргийн гэрч хохирогчийг биечилсэн хамгаалалт авахад шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчний анги салбарын бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах болон шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх чиг үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгөхтэй холбогдсон өөрчлөлт оруулсан.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад шүүхийн дуудснаар хүрэлцэн ирээгүй зохигч, гэрч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг тахарын алба хэрэгжүүлэхтэй холбогдсон өөрчлөлтийг тусгасан.