Унаач хүүхдэд хуулийн хамгаалалт хэрэгтэй байна
Унаач хүүхдийг доод тал нь 5000 төгрөгөөр даатгадаг
2013.04.23

Унаач хүүхдэд хуулийн хамгаалалт хэрэгтэй байна

 Монгол үндэстний уламжлалт эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан, унаач хүүхдийн тухай өргөн хэлэлцүүлэг, цуврал нийтлэл гарч олон сайхан санал, шүүмжлэл ид явж байгааг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлж, оломгүй далай шиг олны саналд дусал нэмэрлэхээр зориглов.

Хурдан морины уралдаан Монгол үндэстний хэдэн зуун жил эрхэлж ирсэн түүхэн уламжлалтай гэдгийг хэн хүнгүй мэднэ. Охид, хөвгүүд нь хурдан морио унаж салхи татуулан хурдлуулж ирдэг байлаа. Энэ үед уралдаан зуны дэлгэр цагт болдог байсан. Унаач хүүхдүүд нь хар нялхаас унага, даагатай ноцолдож өссөн, эв дүйтэй болсон байдаг байлаа. Тэд мориноос унана гэдэг өдрийн од шиг л байсан.

Ер нь нэгдлийн хөдөлгөөнөөс хойш хүүхэд, залуучууд адуу малтай харилцах асуудал их ховордсон гэж боддог. Гэхдээ л одоогийнх шиг адуу малаа машин, мотоциклээр маллаж байгаагүй. Ямар ч гэсэн морио унаж малаа малладаг байсан. Ялангуяа, ойр зуурын ажил, хонь малаа эргүүлдэг бид мэт нь даага, шүдлэнгээ сургаж салхи татуулан давхиж явснаа мартаагүй. Өнөөгийн нөхцөлд морин уралдаан. баяр наадам өвөл, зунгүй хэн нэгний хүсэл, санал, янз бүрийн ой, бүсийн, тэр уяачиин ой гэхчилэн өргөн дэлгэр болжээ.

Хурдан морины удам, угшил, эрлийзжүүлэлт гээд нэг талаас нь харахад маш сайхан өргөн болсон сайн талтай ч нөгөө талаас нь харахад хүйтний улиралд унаач хүүхдийн сурц, дадлага багатайгаас осол эндэл гарах нь ихэссэн.

Өвөл морин уралдаан хийх эсэх, унаач хүүхдийн асуудал хурцаар тавигдаж байна.

Энэ хоёр асуудал руу хандаж өөр өнцгөөс нь ярьж та бүхэнтэй саналаа хуваалцъя. Өвлийн уралдаан явуулахад анхаарах, муу үр дагавар нэлээд байна. Тухайлбал, уралдааны зам хязгаарлагдмал учраас морьдын нягтрал их, замын 70-80 хувьд нь морьд шахалдаж хүүхэд моринд халтай.

Ялангуяа, ийм үед мориноос унасан хүүхэд моринд гишгүүлэх, өшиглүүлнэ. Газар хөлдүү учраас хүүхэд унасан тохиолдолд гэмтэл авах нь элбэг.

Өвлийн уралдаан нийтийг хамарч чаддаггүй. Зөвхөн ихэс дээд, хөрөн- гөлөг хүмүүсийн тэжээл, тариагаар зодож тамир оруулснаа морьдын өндөр бооцоотой уралдаан болж бай шагнал, хэргэм зэрэг нэмэх хэрэгсэл болж байгаа нь зохисгүй байна. Мөн унаач хүүхдийн эрүүл мэнд, боловсролын асуудал чухал болж байна.

Ер нь хурдан морины хурдлах, байр эзлэх асуудал унаач хүүхдийн сурц, дадлага туршлага, авхаалж самбаа, морио залах чадвар, замаа сонгон газрын хэмжээгээ барагцаалах чадвараас ихээхэн шалтгаалдаг. Би ч ийм сонголт хийж уралддаг байсан. Унаач хүүхэд багаасаа адуу малтай харилцаж сурсан, туршлагатай байх хэрэгтэй.

Сүүлийн үеийн унаач хүүхдүүд амьдрал ядуухан, олон хүүхэдтэй айлын хүүхдүүд гуйлга, ятгалга, сард олгодог хэдэн төгрөгөөс болж унаач болж байгааг нуух аргагүй. Энэ хүүхдүүд хөдөө гарч ах дүүс, танилдаа амралтаараа очиж ганц нэг морь унаж байснаас хэтрэхгүй байгаа нь ажиглагддаг. Ийм хүүхэд хурдны морь унахад сурц, дадлага дутагдаж мориноос унах асуудал ихэсч байна.

Хурдны морийг зайдан буюу зөвхөн тохомтой унуулах нь дээрх ослоос аврах арга мөн. Өмнө нь эмээлтэй уралдаж байгаагүй. Хааяа нэг эмэгтэй хүүхэд морио эмээлтэй уралдаж байсныг санаж байна. Бас эмээл нь холбирч гэдсэндээ чирээд барианд орж ирснийг та бүхэн санаж байгаа байх.

Хурдан морь унаач хүүхдүүдэд зориулсан хууль үгүйлэгдэж байна.

Нэг ярилцлагад Я.Болдбаатар чухал асуудал хөндсөнийг анхаарч үзэх ёстой. Хамгаалах хувцас бас ч нэг их найдах зүйл биш. Хүүхэд унаж хөл, гар, цээжин дээр нь морь гишгэх, дарж унасан нөхцөлд яаж хамгаалагдах вэ. Иймд бүрэн найдах боломжгүй.

Харин зөв сайн малгайтай бол мод, чулуу толгой хагалчихгүй, тархи доргих зэргээр бага нөлөөлнө. Мөн тохой, өвдөгний хамгаалалт байх нь зөв юм. Хамгийн гал нь унаач хүүхдийг сайн сургах хэрэгтэй. Ингэсэн нөхцөлд хүүхэд тэр бүр мориноос унаад байхгүй.

Унаач хүүхдийн боловсролын асуудлыг Я.Байгалмаа их зүйлийг хөндөж ярьсанд өвгөн би баярлаж байна. Үнэндээ хичээлдээ явж чадахгүй 3- 4 жил хурдны морь унаж байгаад боловсрол олж чадаагүй, 14-15 нас хүрлээ. Морь унадаг нас, бие тэнцэхгүй боллоо.

Яах вэ. Зөвхөн унших, бичихээс цаашгүй хоцорлоо. Яаж мэргэжил эзэмшиж амьдрах вэ. Ид хичээл сургалт явагддаг өвөл, хавар уралдааныг хязгаарлаж унаач хүүхдийг боловсрол' эзэмшүүлэх хэрэгтэй байна. Мориноос унаж гэмтэж бэртсэн, хүндээр гэмтэж сурах байтугай явж чадахгүй болсон. Тархины хүнд гэмтэл авч мэдрэлийн хүнд байдалд орсон, нүдгүй, дүлий болсон хүүхдийн тухай хэдэн зуугаар ярих болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Гэхдээ энэ тоо нийтэд илэрсэн хэсэг нь. Мэдээлэгдээгүй дарагдсан хэд байгааг хэн ч мэдэхгүй. Тэгвэл энэ гэмтэж бэртсэн, хохирсон, үрэгдсэн хүүхдийн ар гэрт нь эмчилгээний зардал,тусламж нэрээр морио унуулсан баян хэдэн бортөгрөг өгөөд хэрэг хаагдах уу. Аль эсвэл бүх насаар нь уяач болон улс тэтгэлэгт хамааруулах уу.

Энэ талаар хуульд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байна.

Унаач хүүхдийн хөлсийг бүр бага гэхэд 250 мянган төгрөгөөс доошгүй байхаар хуульд тусгаж өгөх хэрэгтэй.

Өвлийн уралдааныг бүрэн зогсоох, өмнөх хүмүүсийн дэвшүүлсэн уралдааныг есдүгээр сараас дараа жилийн зургадугаар сар хүртэл хязгаарлах санал зөв юм.

Ингэснээр хүүхэд гэмтэхээс хамгаалах, хичээл сургуульдаа явах нөхцөл бүрдэж байна. Хурдан морины уралдааны хугацаа, унаач хүүхдийн асуудлаар гаргах хууль боловсруулахад хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, үйлдвэрчний эвлэл, хүний эрх хамгаалах байгууллага, уяачдын холбоо, эмэгтэйчүүд, залуучуудын байгууллага болон бусад олон нийтийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан нухацтай биелэгдэх бололцоотой хуулийг яаралтай гаргах хэрэгтэй байна.