Бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэхэд анхаарна
МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн IV хуралдаанаар МҮЭХ-ны 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн “хангалттай” гэсэн үнэлэлт өгсөн. 2013 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан.
Энэ онд “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө” гэсэн уриан дор ажиллаж байгаа билээ. Мөн МҮЭХ-ны ээлжит бус 21 дүгээр их хурлыг хуралдуулан ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болоод байна. Хурлын бэлтгэл ажил болон цаг үеийн ажлын талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-МҮЭХ “Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх” кампанит ажил зарлаж байгаагаа олон нийтэд мэдээлсэн. Энэ хүрээнд ямар ажил хийгээд байна вэ?
-Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх тасралтгүй үйл ажиллагаа явуулах кампанит ажлыг зарласан. Кампанит ажил тодорхой хугацаанд өрнөдөг бол хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх ажлыг хугацаагүй, өөрөөр хэлбэл тасралтгүй явуулахаар зарласан.
Дөрвөн жил хатуу дүрэмд баригдаж хугацаа алдах тал байна.
Харин хүрэх үр дүнгээ 2013, 2014 онд дараах онуудад “ийм үр дүнд хүрнэ” гэж тодорхой тавьсан байгаа. Гурав, дөрөвдүгээр сард түншийн талууд хэлэлцээрээ эхэлнэ.
Хоёрдугаарт, 2013 онд бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж үр дүнд хүрэхээр ажиллаж байгаа. Нийгмийн түншлэгч талууд хоёр жилийн өмнө “Бүтээмжийн хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх”-ийг зорилтоо болгож тавьсан ч бодит ажил хэрэг болсон зүйл бага байна.
-Энэ оны хоёрдугаар улиралд багтаан ээлжит бус 21 дүгээр их хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан. Бэлтгэл ямар байна вэ?
-Ээлжит бус 21 дүгээр их хурлаар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох, МҮЭХ-ны дүрэмд тодорхой өөрчлөлт оруулах гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ. Цаг үеийн чанартай асуудал гарвал хэлэлцэх байх.
Тэргүүлэгчдийн хурлаас их хуралд бэлтгэх ажлын хэсгийг дэд ерөнхийлөгчөөр ахлуулаад хоёр дэд хэсэгтэй байгуулж ажилд нь оруулах гэж байна. Ажлын хэсгийн орлогчоор ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа ажиллана.
Баримт бичиг боловсруулах, зохион байгуулалтын гэсэн хоёр дэд ажлын хэсэг ажиллана. Ээлжит бус их хурлаас гарах баримт бичгийн төсөл, дүрмийн өөрчлөлтийг гишүүд, гишүүн байгууллагуудаар хэлэлцүүлэх ажлыг баримт бичиг боловсруулах дэд ажлын хэсэг, мэдээлэл сурталчилгаа, зохион байгуулалт, хуралтай холбоотой санхүү аж ахуйн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван ажлын бэлтгэлийг зохион байгуулалтын ажлын хэсэг хангана.
-Дүрэмд өөрчлөлт оруулах тодорхой санал байгаа юу?
-Ажлын хэсэг арай хуралдаж эхлээгүй байна. Ер нь МҮЭХ-ны үйл ажиллагааг түргэн шуурхай, ямар нэг асуудал үүсэхэд давхар, давхар зохицуулалт хийж болохоор дүрэмд өөрчлөлт хийх хэрэгтэй гэж төсөөлж байна.
Асуудлыг нэг талаас нь хараад тусгачихаар амьдрал баян учир өөр асуудал гараад ирдэг. Гэтэл үүнийг зохицуулах эрх зүй МҮЭХ-ны дүрэмд байхгүй хүндрэл гардаг.
Мөн дүрмийн зарим зүйлд өөрчлөлт оруулах эрхийн асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанд өгөх ёстой. Тэгэхгүй бол дөрвөн жил хатуу дүрэмд баригдаж хугацаа алдах тал байна. Өмнө нь Ерөнхий зөвлөлийн эрх мэдлийн зарим асуудлыг Тэргүүлэгчдийн хуралд шилжүүлж уян хатан байхаар шийдсэн туршлага бий.