Н.Тэгшбаяр: Цөмийн Энергийн Газраас ураны нэг ч лиценз олгоогүй
Цөмийн Энергийн Газрын дарга, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр
2012.12.11

Н.Тэгшбаяр: Цөмийн Энергийн Газраас ураны нэг ч лиценз олгоогүй

Уранаар цөмийн зэвсэг хийдэг учир хэдийнээсээ муу нэртэй. Энгийнээр хэлэхэд уран бол байгаль дээр байдаг цацраг идэвхитэй элемент. Манай орны нөхцөлд түүнийг давирхайд барьцалдуулан гарган авдаг бөгөөд баяжуулсны дараа гарах шар нунтгийг хүмүүс их хортой, аюултай хэмээн тайлбарласаар ирсэн билээ.

Гадны экспертүүдийн мэдээлж буйгаар энэхүү шар нунтаг байгаль болон хүнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл уранаас цацраг идэвхи ялгарч хүний эрүүл мэндэд аюул учруулдаг гэсэн ойлголт ташаа болохыг олон орон иргэддээ итгүүлж чадалгүй өнөөдөртэй золгожээ. Уранаас ялгарч буй цацраг идэвхийн нөлөө жирийн хүнд 1м3в, мэргэжлийн ажилчдад 20 м3в-ээс хэтэрвэл аюул дагуулдаг байна.

Цацраг идэвхи бидний эргэн тойронд түгээмэл. Гэхдээ цацраг идэвхийн нөлөө 100 м3в-ээс доош байвал хүний амь насанд аюулгүй ажээ. Харин хэтэрсэн тохиолдолд аюултай бөгөөд 4000 м3в байвал үхэлд хүргэдэг байна. Энэ нь хүний зориудын үйл ажиллагаанаас болж учрах эрсдэл ажээ.

Монголд ашиглалтын эрхээ авсан ураны уурхай байхгүй

Манай монголчуудад ч цөмийн түлшийг уранаар хийдэг гэдэг үүднээс аюултай гэсэн болгоомжлол байдаг. Уран цөмийн түлш болохоосоо өмнө ямар ч аюулгүй аж.

Гадны экспертүүдийн мэдээлж буйгаар энэхүү шар нунтаг байгаль болон хүнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл уранаас цацраг идэвхи ялгарч хүний эрүүл мэндэд аюул учруулдаг гэсэн ойлголт ташаа болохыг олон орон иргэддээ итгүүлж чадалгүй өнөөдөртэй золгожээ.

ЦЭГ-ын дарга Б.Тэгшбаяр “Шар нунтаг гэдэг уул уурхайн нэг л бүтээгдэхүүн. Гэхдээ аюултай. Эрхэм гишүүн Ж.Батзандангийн хэлж байгаачлан талхан дээр тавиад идэж болохгүй. Бид нэг эх оронтой. Эх орноо хайрлах сэтгэлтэй гэдэгт эргэлзэхгүй итгэж байгаа учраас манай агентлаг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах ёстой. Энэхүү эрхэм зорилгоо үл умартан ажиллах болно” гэж мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар Цөмийн энергийн газраас ураны нэг ч лиценз олгоогүй байгаа аж. Өөрөөр хэлбэл ашиглалтын эрхээ авсан ураны уурхай байхгүй юм байна. Гэвч Ашигт малтмалын газрын зарим эрх мэдэлтний дураар авирлан уран олборлох баахан зөвшөөрөл олгосонд хариуцлага тооцох боломжгүй байгаад иргэд унтууцаж буй юм.

Өдгөө ЦЭГ дээр байгаа лицензүүд урьд нь Ашигт малтмалын газраас олгогдсон, тэндээс Цөмийн энергийн хуулийн дагуу тус газар руу шилжиж ирсэн лицензүүд аж. Цөмийн энергийн хууль гарахаас өмнө энэ асуудал ихээхэн задгай байжээ. Тухайн талбай дээр түрүүлж хүсэлтээ гаргасанд нь зөвшөөрөл өгч байсан буруу бодлогын муу үрээр ийм олон лиценз хяналтгүй олгосон байна.

Ураны лицензийг ЦЭГ-ын дарга мэдээд өгчихдөг ч асуудал биш юм байна. Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газруудаас хамтын шийд гарч олгогддог аж.

Гишүүдийн албан бус бүлгийн шаардлага

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх болон ураны олборлолтын үйл ажиллагааны эсрэг УИХ-ын хэсэг гишүүд албан бус бүлэг байгуулсан. Тус албан бус бүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар нар нэгдсэн мэдээлэл бий. Тэд цөмийн энергитэй холбоотой бүхий л хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарлаа хандуулж, Монгол хүнийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө ажиллана гэсэн.

УИХ-ын зөвшөөрөлгүйгээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал болох ураныг хайх, олборлох лиценз олгохгүй байх зэрэг найман зүйл бүхий шаардлагыг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт гардуулан өгчээ.

Өөрөөр хэлбэл ураны хайгуул олборлолтод тавих хяналтыг сайжруулах, хууль бус лиценз эзэмшигчдийн үйл ажиллагааг зогсоох, гадны аж ахуй нэгжүүдээс байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах урьдчилгаа төлбөрийг авдаг байх, 84 лицензийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр өгснийг тогтоох, цаашдаа УИХ-ын зөвшөөрөлгүйгээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал болох ураныг хайх, олборлох лиценз олгохгүй байх зэрэг найман зүйл бүхий шаардлагыг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт гардуулан өгчээ.

Ураны 84 лицензийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр өгсөн бэ?

Ж.Батзандан гишүүний энэ асуултад ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр хариуллаа. Тэрээр “Үнэндээ манай агентлагаас өгсөн лицензүүд гэж хүмүүс буруу ойлгоод байдаг. Манай дээр байгаа лицензүүд урьд нь Ашигт малтмалын газар дээр олгогдсон, тэндээс Цөмийн энергийн хуулийн дагуу манайх руу шилжиж ирсэн. Би ирээд нэг ч лиценз өгөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Тэгээд ч тэр лиценз гэж зүйл миний мэддэг манайх шууд өгчихдөг ч зүйл биш. Энэ бүх үйл ажиллагаа Цөмийн энергийн хуулиар бол Тагнуулын ерөнхий газар, мөн Ерөнхийлөгчийн зарлигаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг газруудаас хамааралтай болсон. Тиймээс миний биед болоод манай агентлагт ураны лиценз шууд бие даагаад өгчих эрх байхгүйг онцлон хэлмээр байна. Энэ асуудал Цөмийн энергийн тухай хууль гарахаас өмнө ихээхэн задгай байсан.

2009 онд Ашигт малтмалын газраас урьд өмнө олгосон 164 лиценз бүртгэлээрээ манай хяналтад ирсэн бол өнөөдрийн байдлаар 84 болтол нь цөөрүүлсэн.

Тиймээс манай Цөмийн энергийн агентлаг лиценз олгох буруу бодлого явуулсан гэж бодохгүй байна. Харин ч 84 болтол нь цөөлсөнөө тэмдэглэхийг хүсч байна” гэв.

Шар нунтаг аюултай юу?

Шар нунтаг дан шар өнгөтэй байдаггүй. Хар бор, шаргал янз бүрийн өнгөтэй байдаг нь олборлолт болон бусад технологийн шийдлээс хамаардаг ажээ. Стандарт барихгүй, зориулалтын саванд тээвэрлэж хадгалахгүй бол шар нунтаг ч аюултай.

ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаярын өгүүлснээр үнэндээ алт, зэс, нүүрс гээд уул уурхайн бүхий л бүтээгдэхүүн их, бага хэмжээгээр байгаль дэлхийд сөрөг нөлөөтэй. Асуудлын гол нь байгаль дэлхийд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн хамгийн бага байлгах вэ гэдэг дээр л технологийн зөв шийдэл, байгаль хамгааллын зөв хараа хяналт хэрэгтэй юм.

Энэ салбарын хөгжилд анхаарч хөгжүүлсэн улсууд сансар огторгуй, мөн далайн гүнд эрх чөлөөтэй яваа. Бид нэг л дэлхийд амьдарч буй. Монголчууд бусадтайгаа мөр зэрэгцэн явахгүй бол байнга л ядуу тарчиг байх нь үнэн. Ядуу хүн, ядуу улс л дандаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо алддаг нь хатуу боловч үнэн үг билээ.