С.Бямбацогт: Сүүний асуудлаар УИХ-д ажлын хэсэг байгуулна
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой сүүний урамшууллын асуудлаар ярилцлаа.
-Яагаад заавал 100 тэрбумын бонд гаргаж сүүний салбарыг дэмжих гээд байгаа юм бэ. Тооцоо судалгаа, үндэслэл нь юу байна?
Ер нь өнгөрсөн хугацаанд засгийн газраас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр бонд гаргах бодлогыг нэлээдгүй хэрэгжүүлсэн. Үр дүнгээ ч өгч байгаа. Тухайлбал өмнөх засгийн газрын үед 300 тэрбум төгрөгний бонд гаргасан. Үүнээс 150 тэрбумаар нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж олон ажлын байр бий болсон. Импортыг багасгаж, экспортыг дэмжих үүднээс олон жижиг дунд үйлдвэрүүд ч байгуулагдсан. Харин үлдсэн 100 тэрбумаар ноолуурын салбарын дэмжсэн. Ноолуурын үйлдвэрүүд энэхүү дэмжлэгийг авснаар үндсэндээ дотооддоо ноолуураа бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргаж экспортолж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдсэн байгааг хэлэхэд таатай байна.
Харин ноосны салбарт 50 тэрбумыг гаргасан. Үүнээс 25 тэрбумыг нь үндэсний үйлдвэртээ ноосоо тушааж байгаа малчдад нэг кг ноос тутамд 2000 төгрөгний урамшуулал олгох байдлаар өгсөн. Үлдсэн 25 тэрбумаар нь ноосны үйлдвэрүүдийг дэмжсэн. Үүний үр дүнд малчдын хаваржаан дээрээ хаяад явдаг байсан ноосыг үнэтэй болгож, өнөөдөр малчдын орлого тав дахин нэмэгдсэн байгаа юм. Үүнийг ч дагаад үндэсний үйлдвэрүүд сэргэж ноосыг хагас болон эцсийн байдлаар боловсруулж гаргадаг боллоо. За, үүнтэй адилхан засгийн газраас арьс ширний салбараа дэмжихээр бонд гаргахаар ярьж байгаа. 200 тэрбум төгрөгний бонд гаргах асуудал гарсан. Энэ үед миний ярьж байсан бодлого бол хүн болгон иддэг уудаг сүүнд урамшуулал олгож, дэмжих нь зүйтэй гэсэн юм. Засгийн газар өнөөдөр гарцаагүй шийдэх ёстой асуудлуудыг барьж авч байна.
Монгол хүн бүр монгол үнээний сүүгээ ууя, импортын найруулсан хятадын сүү уухаа больё гэдэг үүднээс 100 тэрбумын асуудлыг тавьсан.
-Засгийн газар гарцаагүй шийдэх ёстой тулгамдсан асуудлуудаа барьж байна гэлээ. Сүү, мах, гурил, улаанбуудай дөрөв МУ-ын стратегийн хүнсний бүтээгдэхүүний тоонд орсон. Энэ ч үүднээс нөөцийн маханд анхаарч, улаанбуудайнд тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Харин нэг литр сүүнд яагаад 500 төгрөгний урамшуулал олгохоор болсон юм бэ?
Тийм ээ. Стратегийн бүтээгдэхүүн мөнөөс мөн. Гэхдээ засгийн газар асуудлыг хялбараас барьж аваад байна. Хүн болгон ноос ноолууран эдлэл хэрэглэхгүй, стратегийн бүтээгдэхүүн биш. Яагаад гэхээр ноосыг хадгалж, тээвэрлэхэд хялбар. Хүссэн хугацаагаар хадгалж болдог. Гэтэл мах, сүүг шийдье гэхээр хадгалж тээвэрлэхэд хэцүү болчихдог. Тийм болохоор энэ асуудлыг хойш нь тавиад байна. Хялбараас нь шийдэхээс илүү монгол хүндээ аль нь илүү чухал вэ гэдгээс нь эхлэх ёстой юм. Тиймээс л би өнөөдөр сүүний салбарыг дэмжихийг чухалчилсан.
Засгийн газар шийдэхгүй гэвэл Улсын их хурал өөрсдөө хөөцөлдөөд шийдье. 100 тэрбумын бондын хөрөнгө оруулалт бол асуудлыг иж бүрнээр нь бүгдийг шийдэхгүй.
Гэхдээ тухайн үед орж ирсэн арьс ширний бондтой тэнцүүлж явуулах гэж тооцож гаргасан судалгаа юм.
-Хэрвээ сүүний салбарыг дэмжихээр болж 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд фермүүд, үйлдвэрүүдийг алинаас нь эхэлж, ямар байдлаар дэмжих вэ?
100 тэрбумаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд бэлтгэн нийлүүлэгч фермерүүдийг дэмжинэ. Фермерүүдийг сүүгээ хадгалдаг хөргөх савтай болгоё, тоног төхөөрөмж, технологи талаас нь дэмжье гэж байгаа юм. Харин үүний дараа сүү боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжинэ.
Үйлдвэр байгуулья гэсэн болгонд байгуулж өгөхгүй. Аль бүс нутагт, аль аймагт ямар хүчин чадалтай үйлдвэр хэрэгтэй гэдгийг судалж байж тооцоолсны үндсэн дээр төрийн бодлого зохицуулалттайгаар сүүний үйлдвэртэй болоход дэмжлэг үзүүлнэ. Ямар ч гэсэн сүүгээ тээвэрлээд үйлдвэрлэгчдэд хүргэх энэ процессыг дэмжихэд л 100 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа юм.
-Ганцхан урамшуулал олгосноор сүүний салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдэх болов уу. Үүн дээр ямар ажил хийх вэ?
Тэр бол мэдээж. Сүүний салбараа өшөө өргөн судлаад үзэхэд сүүг бий болгогч өндөр үр ашиг өгөх, гарц сайтай үнээний асуудал яригдана. Тэр үнээг тэжээдэг тэжээл, хашаа орон байрнаас авахуулаад ярих асуудал өч төчнөөн.
Хуурай сүүг бас ярих ёстой. Зуны цагт сүү нэг литр нь 300 төгрөг, өвөлдөө 2000 төгрөг хүрдэг. Ийм өндөр хэлбэлзэлтэй. Тэгвэл зундаа сүүг хямдхан худалдаж аваад хуурай сүү болгоод өвөл нь задлаад монгол сүүгээ уух боломжтой.
Өвөлдөө аль болох шингэн сүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бодлого барих хэрэгтэй. Одоо бидний ууж байгаа сүү цагаан өнгөтэй шингэн л зүйл. Сүү нэртэй болохоос биш амин дэм уургаа алдчихсан байгаа. Тиймээс монгол малынхаа шингэн сүүг уудах байх бодлого руу л чиглэмээр байна. Дэлхий нийт ч энэ зүг рүү явж байгаа.
-Өнгөрсөн сард урамшууллын асуудал нилээн олны анхааралд байснаа одоо хэсэг чимээгүй болчихлоо л доо. Одоо ямар ажил хийх вэ?
УИХ-д ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг байгуулсанаар энэ асуудлыг шийдэхэд нь анхаарал тавих болно. Энэ ч үүднээс би УИХ-ын даргын захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулах тогтоолыг батлуулахаар төлөвлөж байна. Нэгэнтээ засгийн газрыг хүлээвэл асуудал гацах шинжтэй байгаа учраас ажлын хэсэг байгуулах нь зөв.
Нэлээн нухацтай, тооцоо судалгаатай ярьж байж шийдэх хэрэгтэй учраас ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм. Яамнаас арьс ширний бондын асуудлыг маш түүхий оруулж ирсэн. Өмнөх ноос ноолуурын бондон дээр ч гэсэн засгийн газраас зөвхөн ноолуурын салбарыг дэмжинэ гэж оруулж байсан. Харин УИХ дээр ярьж байж ноосыг ч бас дэмжихээр болгосон. Тиймээс иймэрхүү асуудал дээр нэлээн анхаарал тавьж, ач холбогдол өгөх ёстой. УИХ дээр ажлын хэсэг байгуулж нилээн анхаарч ажиллана гэсэн бодолтой байна. Хүн бүр монгол сүүгээ л уудаг болгохын төлөө зорьцгооё. Үүний төлөө сэтгэлээ гаргаж ажиллах болно. Энэ ажилд дургүйцэх, татгалзах хүн байхгүй гэж бодож байна. Сүү уудаггүй монгол хүн байхгүй байх.
-Ажлын хэсэг гаргаад ажиллалаа гэж бодьё. Ер нь сүүнд урамшуулал олгох ажлын үр дүн хэзээ гарах бол?
2013 онд бүрэн шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Тодорхой хугацаагаар хоёр, гурван жил үр дүн нь гарахаас биш өнөөдөр УИХ шийдэхэд бүх зүйл сайхан болохгүй. Ялангуяа сүү махны асуудал их хүнд. Хүнд болохоор засгийн газар барьж авахгүй байна. Алийн болгон бэрхшээлтэй, хүнд хэцүү гэж хойш суух вэ. Барьж авч шийдэх ёстой.
-Өнөөдрийн байдлаар ихэнхи ферм дампуурлын байдалтай байна. Энэ салбар сүүлийн 20 гаруй жил хаягдсан гэж ярьдаг?
Хүн болгон бие биенээ дагаж хошуурч сүүний ферм байгуулсан. Дээрээс нь төр засгийн дэмжлэг байхгүй, бодлого зохицуулалт дутагдалтай болохоор олон ферм дампуурсан. Бас технологийн дагуу үйл ажиллагаагаа явуулж чадаагүй.
Уг нь жилдээ 500-600 сая литр сүү саах боломж байна. Харин монгол хүний сүүний хэрэгцээ 380 сая литр. Тэгсэн атлаа монгол улсынхаа хэрэгцээний 20 хувийг дотоод, 80 хувийг импортын сүүгээр хангаж байгаа. Алтан дээр суусан гуйлгачин гэж ярьдаг шиг бидэнд өөрсдөд маань бололцоо байхад бололцоогоо ашиглахгүй, Хятад, Оросоос сүүгээ аваад байгааг багасгаж, шийдэх л ёстой. Монголчууд ганцхан сүүнд урамшуулал өгөх гээд байгаа юм биш. Америкаас авахуулаад олон орон сүүнд урамшуулал өгдөг. Үнээ цалин авах нь гээд яриад байх юм. Угаасаа төрөөс дэмждэг л асуудал шүү дээ. Үнээний сүү шиг бидэнд хэрэгтэй амин дэм байхгүй.