Г.Шийлэгдамба: О.Цолмонг нэр дэвшүүлэхгүй
МАХН-ын наймдугаар бага хурал МАХН-ын төв байранд өчигдөр эхэлсэн. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас цөөн асуултад хариулт авлаа.
-Хуралдаанаар ямар үндсэн асуудлыг хэлэлцэж байна вэ. Тодорхой шийдсэн зүйл бий юу?
-МАХН-ын ээлжит наймдугаар бага хурал болж байна. Энэ удаагийн хурлаар цаг үеийн болон намын дотоод асуудалтай холбоотой илтгэлүүдийг хэлэлцэж байна. Өмнөх орон нутгийн сонгуулийн үр дүн, намын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй хэлэллцүүлэг явуулна. Мэдээж олон асуудлыг ярилцах шаардлагатай байгаа. Намын гишүүд нэлээд хүлээлтэй. Тодорхой сэдвүүдээр цаг үеийн анхаарал татсан улс төрийн хүрээний асуудлыг нэлээд нухацтай ярилцаж хамтын шийдвэр гаргана гэж найдаж байгаа. МАН-тай МАХН энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох уу, эвсэх үү гэдгийг хэлэлцэнэ. Энэ талаар бага чуулганы гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлэх байх.
Цаашлаад хоёр намын нийгэмд анхаарал татсан ойлголт төрүүлсэн явдалд гишүүд өөр өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгч таарна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ талаар тодорхой зүйлийг ярина.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан уу?
-Аливаа намын ерөнхий нарийн бичгийн дарга асуудлыг урьдчилж ярих боломжгүй байдаг. Манай намд ард түмнээс сонгогдсон төр засгийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс бий. Тэднээс хэн нэгнийг нь бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхэд дэмжнэ. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хуулиар тогтоосон үндэслэлүүдийгхангаж байгаа бүх хүнд нээлттэй. Хэн ч нэрээ дэвшүүлэх боломжтой.
-МАХН болон МАН сонгуульд хамтарч оролцоно гэсэн мэдээлэл түгж эхэлсэн. Эл асуудлыг хэлэлцэх үү?
-Хоёр нам нэгдэхэд хүрвэл ямар нэр дээр нэгдэх вэ гээд асуудал гарна. МАХН-ын гишүүд бол намынхаа нэр дээр, МАН-ынхан ч өөрийнхөө нэр дээр нэгдэнэ гэсэн байр суурьтай байх нь мэдээж. Тэгэхээр үүнд талууд ямар байр суурьтай байх юм бол. Ингээд бодохоор хоёр нам бүү хэл хоёроос дээш нам нэгдээд АН-ыг байгуулсан тохиолдол бий шүү дээ. Олон мянган жирийн гишүүд өнө удаан жилийг хамт туулсан хоёр намыг нэгдээсэй гэж боддог гэдэг нь нийгэмд ил болсон. Удирдлагуудын хооронд шийдвэрлэх асуудал л бий.
МАХН-ын хувьд улс орны ард түмний эрх ашгийн төлөө аль ч намтай нэгдэнэ. МАН-тай нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж ярьсан асуудал одоогоор алга. Хэрэв нэгдэх тухай яриахад хүрвэл ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Аль аль намаасаа нэр дэвшигчээ тодруулна. Хамгийн бололцоотой гэсэн нэр дэвшигчдийнхээ талаар ярих байх. Яг өнөөдрийн байдлаар тодорхой болсон зүйл алга байна.Ер нь хоёр намын ахмадууд эвсч сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-Шинэчлэлийн Засгийн газарт АН-тай хамтрахдаа танай нам бүх шатны сонгуульд нэгдэж оролцоно гээд гэрээ байгуулчихсан байх аа?
-Шинэчлэлийн Засгийн газарт олонх суудалтай АН-тай хамтарсан “Шударга ёс”, ИЗНН-ын байгуулсан гэрээ бий. Гэрээний нэг заалт Засгийн газарт хамтарч ажиллаж буй намууд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно гэсэн заалт орсон.
Тэгэхдээ энэхүү заалт хэрэгжээгүй. Тухайлбал АН орон нутгийн сонгуульд дангаар оролцсон. Манай намын хувьд “Шударга ёс” эвслээрээ зарим тойрогт нэр дэвшсэн. Зарим тойрогт ИЗНН хамтарч сонгуульд орсон. Тэгэхээр асуудал бидэнд биш АН-д байгаа. АН өөрөө Засгийн газрыг бүрдүүлэхдээ хамтарч сонгуульд оролцох заалтаа хэрэгжүүлээгүй. Ямар тайлбартай өгсөн гэхээр АН-ынхан “Бид хуулиа дагах ёстой. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар намын нэгж байгууллага сонгуульд яаж оролцохоо шийднэ. Энэ хуулийнхаа дагуу асуудлаа шийдсэн”гэсэн тайлбар өгдөг. Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН мөн ийм байр суурь баримтлах болов уу.
-Бага чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр дэвшигчээ тодруулах боломжтой юу?
-Нэр дэвшигчийг сонгох хуулийн хугацаа нь хараахан болоогүй байна. Намууд, сэтгүүлчид тодорхой хүмүүсийн нэрийг хэлж байх шиг байна. Бид бол одооноос эл асуудлаа ярьж эхэлж байна. Юуны өмнө сонгуульд ямар зарчмаар оролцох вэ. Намуудтай хамтарч ажиллахуу, дангаараа оролцох уу гэдгээ шийднэ. Үүний дараа нэр дэвшигчээ тодруулна. Дэвшүүлэхэд олон асуудал бий. Тухайлбал, МАН ард түмнээс санал асуулга авах байдлаар нэр дэвшигчээ тодруулах гэж байна. АН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгчөө дэмжиж байна. Тэгвэл манай нам нэр дэвших боломжтой хэд хэдэн хүнээсээ нэг хүнийг яаж тодруулах уу гэдгээ хуралдаанаараа хэлэлцэж эхлээд байна.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл байх юм. Танай намын удирдлагуудад ярилцсан зүйл бий юу?
-Нам дээр ярилцах асуудал өнөөдөр эхэлж байна. Ташаа мэдээлэл. О.Цолмонг нэр дэвшүүлэхгүй.
-Сонгуультай холбогдуулан их чуулганаа хуралдуулна гэсэн үү?
-Чуулганыг оны эцсээр хуралдуулна. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулахад заавал их чуулганыг хуралдуулах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл бага чуулганаар асуудлаа шийдвэрлэнэ.
-МАХН Гүйцэтгэх товчооны хурлаараа өчигдөр ямар гол асуудлыг хэлэлцэв?
МАХН-ын Гүйцэтгэх товчооны хуралдаанаар өчигдөр бага чуулганаар хэлэлцэхээр баталсан асуудалдаа өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хэлэлцэх асуудлууддаа нэмэлт оруулсан. Үүнд, сонгуультай холбоотой намаас төлөвлөж байгаа зүйлээ гишүүдийн анхааралд хүргэх.Төв намынхаа бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн.
-Бүтцийн өөрчлөлтөө тодруулбал?
-Зарим нарийн бичгийн даргыг нэмж орон тоогоор ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаа.