2013.02.25

Н.Алагаа: Шударга, тэнцвэртэй зарчмыг баримтлах хэрэгтэй

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаатай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын жишиг үнэ болон эрдэс баялгийн салбарын бодлогын талаар ярилцав.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын жишиг үнийн асуудлаар маргаантай байдаг. Засгийн газраас тогтоож буй жишиг нь хэр зөв зүйтэй вэ, яагаад маргаад байна?

Засгийн газраас хувийн хэвшлийнхнийг хардаад бага үнээр тогтоож мөнгөө нуух гээд байна гэдэг. Жишиг үнэ тогтоож татвар авдаг жишгээр гурван жил болж байна. Гэхдээ жишиг үнэ тогтоосон аргачлалаа бусдаас нуудаг. Тиймээс энэ нь бодит үнээс өндөр байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, их татвар авах зорилгоор үнэ тогтоодог. үүний нэг тод жишээ нь Бор-Өндөрийн жоншны үйлдвэр байна. Жишиг үнэ нь 407 ам.доллар, худалдах үнэ нь 250 ам.доллар, 250 ам.доллараар худалдаанд 407 ам.долларт ногдох татвар төлж байна. Үүнээс болж үйл ажиллагаа нь зогслоо. Татварын суур нь борлуулалтын орлого биш, нэг тонноосоо гэсэн бол тэрнээсээ л авна. Одоо борлуулалтаас аваад байгаа учраас их татвар авахын тул жишиг нь борлуулалтаас өндөр тогтоод байна.

-Жишиг үнэ нь худалдах үнээс өндөр байна. Аж ахуй нэгжүүд өндөр татвар төлж байна гэлээ. Тэгвэл жишиг үнийг ямар зорилгоор тогтоодог юм бэ?

Ойлголтын том зөрүү байна. Татвар их авахын тулд жишиг үнийг өндөр гаргасан нь бодит байдалтайгаа нийцдэггүй. Уг нь засгийн газар төрөлжсөн биржээр дамжуулж үнийг ил болгох ёстой. Хувийн компаниуд үгээ хэлж байна шүү дээ. Гэтэл жиших гээд байгаа үнэ нь Атлантын далай, Номхон далай эрэгийн үнэтэй харьцуулаад байдаг. Монголын нүүрсний компаниуд хил хүртэл буюу Цагаан хад, Шивээ хүрэнд хүргэж, цаашаагаа явж чадахгүй. Логистикийн асуудал гарч ирнэ. Тэнд бүрэлддэг үнийг Австралийн уурхайгаас Тяньжины далайн боомтод очсон үнэтэй жишиж болохгүй шүү дээ. Манайд сар болгон яамнаас жишиг үнийг тогтоодог. Уг нь төрөлжсөн бирж эсвэл хилийн порт дээр тогтоох учиртай.

-Өөрөөр хэлбэл Тяньжин хүргээгүй байж өндөр жишиг үнэ тогтоогоод, үүнээс татвар авч байгаа нь ашигт малтмал экспортлогч компаниудад дарамт болдог гэсэн үг үү?

Наанадаж Тяньжинаас манай хил хүртэлх зардлыг хасч тооцох хэрэгтэй. Гэтэл үүнийг Татварын ерөнхий газар, Сангийн яам хүлээн зөвшөөрдөггүй. Ингэсээр байгаад татварын орлогогүй болж эхэллээ. тухайн орон нутагт байгалийн баялгаа ашиглуулж, татвар авья гэх сэтгэхүйг нь байхгүй болтол төвлөрсөн төсөвт хийсэн. Өнөөдөр “Энержи ресурс” алдагдалтай үнээр нүүрсээ нийлүүлж байна. Өөрөө алдагдал үүрээд зарж байна. Гэтэл дээрээс нь жишиг үнэ тогтоогоод татвар авдаг. Ингэж байхад яаж татварын бааз өргөжих юм бэ.

- Ашигт малтмалын хуулийн талаарх байр суурийг тань сонсмоор байна?

Хуулийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэсэн санал их гарсан. Гэхдээ үүнийг ямар утгаар хэлж байна гэхээр үзэл баримтлалыг дахиж боловсруулах ч юм уу, ажлын хэсгийг өргөтгөөд, том бүлгийн төлөөллийг оролцуулж хийхгүй бол арай хэтэрхий эрх ашгийн зөрчлүүд яваад байна.

Тухайлбал байгаль орчинтой холбоотой бүлгийг дахин авч үзэх шаардлагатай. Уг механизмыг тодорхой болгохгүй бол болохгүй. Компаниудаас 50 хувиар барьцаа аваад 100 болгосноор асуудлыг шийдчихгүй. Барьцааны механизм ашигтай биш гэж үзэж байгаа юм.

Хуулийн төслийн нилээд хэд хэдэн газар төрийн өмчит компанид давуу эрх олгосон заалт байгаа. Тэгэхээр үүнийг тэнцвэртэй болгох хэрэгтэй. Хувийн компани тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байхад хажууд нь байгаа талбайг яагаад авч болдоггүй юм. Тэнцвэртэй байна гэдэг нь шударга зарчим учраас ялгаварлаж болохгүй.

Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байна. Үүнийг хуучин 2006 оны 5-н үндэслэлээр үлдээе, тэр нь гурван объектив, хоёр нь субъектив үндэслэл. Харин энэ хуулийн төсөлд хорь гаруй үндэслэлээр цуцлахаар байна. Эдгээр нь бүгд субъектив, төрийн захиргааны олон байгууллагууд оролцсон.

Үүнээс их хэмжээний хүнд суртал, захиргааны хэргийн маргаан гарах нь тодорхой. Төрийн албан хаагчийн өөрийн үзэмжээр шийдвэрлэж болохуйц 90 заалт байгаа. Энэ нь хээл, хахууль, хүнд суртлыг нэмэгдүүлнэ. Эдгээрийг тодорхой болгож, салаа утгагүй болгох хэрэгтэй.

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар заасан нь хангалтгүй байна гэсэн шүүмжлэл бий. Зах зээл хямралтай байгаа үед бусад татваруудыг чөлөөлж болдоггүй юм уу?

-Тогтворжуулалтын асуудал дээр усны төлбөр гэхэд миний мэдэж байгаагаар гурав дахь удаагаа өөрчлөгдөж байна. Тиймд тогтворжуулалт шаардлагатай. Хамгийн сүүлд 10 дахин өөрчлөгдсөн. Гэтэл цахилгааны үнийг уул уурхайн салбар бусад хэрэглэгчдээс 30 хувиар илүү дээгүүр тогтоолгосон.

Шатахууны хувьд онцгой албан татвар нь бусад салбараас бас өндөр. Тийм том татварууд дээр бас л тогтворжуулалт хэрэгтэй. Уул уурхай илүү ашигтай, хурдан хөгжиж, орлого олж байна гээд татварыг нь нэмэх зохисгүй. Тэгэхээр татварын бааз суурь нь нэмэгдэхгүй, олон татвар төлөгчтэй болохгүй.

-Урьд нь хөрөнгө оруулаад ажиллаж буй компаниудын хувьд тогтворжуулалтын гэрээнд орохгүй, хохироод үлдчихвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Шударга бус хандлага гарах болоод байна. Эрүүгийн хуулиас бусад хууль буцаж үйлчилдэггүй. Гэхдээ энэ буцаж үйлчлэх биш, тэгш хандах асуудал. Тэр хуульд тогтворжуулалтыг хамрах хүрээ гэж бий. Одоо бол 15 тэрбумаас дээш гэсэн босго бий.

Хөрөнгө оруулагч хүсэлт гаргаад, гэрчилгээ олгоно гэж байгаа. Гэхдээ өнөөдрийн хуулийн төслийг уншвал өмнөх хөрөнгө оруулагчдад хамаарахгүй юм шиг ойлгогдохоор байгаа. Хамаарахын тулд шалгуур байх хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.