2013.02.06

Ажилласан жилээр биш албан тушаалаар цол ахина

Цагдаад цолны эрэмбээр хүндлэл гэж бий. Энэ нь хурандаа цолтойг нь  хүндэлж тал засдаг гэсэн үг биш. Гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн шалгах, хэв журам сахиулахад залуу, халуун насаа зориулсан өвгөн хурандаа нарыг хүндэтгэх тухай ярьж байна. Амаргүй албандаа амь насаа зориулах тангарагтай цагдаа  харин энэ удаа Удирдах албан тушаалд очсон эсэхээсээ хамаарч хүндлэл хүлээх нь.

Цагдаагийн албаны болон хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд зааснаар албан тушаал дагаж цол олгодог болох юм байна. Тодруулбал, нутаг дэвсгэр хариуцсан газар, хэлтсийн дарга болвол цагдаагийн хурандаа цол зүүнэ. Xapин нэгжийн дарга бол ажилласан жилээсээ хамаарч хошууч ахмад цолтой болох гэнэ. Мэдээж ахлах дэслэгч, дэслэгч гээд цол бүр өөрийн гэсэн месттэй. Энэ нь олон жил үр бүтээлтэй ажилласан хугацаанаасаа хамаарч цол авахгүй гэсэн үг.

Дээрээс нь гэмт хэрэг илрүүлэх мөрдөн шалгахад онцгой гавья байгуулсан, бусдыг аврах хамгаалах баатарлаг үйлс бүтээсэн ч гэсэн хурандаа цол олгохгүй. Зөвхөн газар хэлтсийн дарга болбол хурандаа хэмээх хүндтэй цолыг зүүх заяа тохиох юм байна. Хамгийн хачирхалтай нь, удирдах албан тушаалаасаа буувал хурандаагийн мөрдсөө өгөөд ямар албанд очихоос хамаарч өөр цол авах гэнэ. Үүнийгээ хуулийн төсөл санаачлагч нь  ажил хийдэг нь албан тушаал хаших цэвэр өрсөлдөөн гэж онцлох юм билээ.

Яахав, ажлаа мэддэг, удирдах ур ухаантай нь захиргааны албанд очиж хурандааг хүртдэг юм байж. Тэгвэл нөгөө албаныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн мөрдөстнүүд яах болж байна. Тэд дээрээ татаасгүй дэргэдээ дэмжлэггүй байлаа гээд албандаа зориулсан цаг хугацааг илтгэх цолоо авч чадахгүйд хүрэх шинжтэй. Албан тушаалыг дагаж цол олгосноор дараах учир дутагдлууд гарахыг мөрдөстнүүд онцолж хэлж байна. Үүнд
1.    Албандаа ажиллах хүсэл зорилгыг бууруулна. Учир нь албандаа хэр удаан хүчин зүтгэсний илэрхийлэл нь цол байдаг. Энэ утгаараа олон жил ажилласнаараа биш дэмжлэг, тусламжтай нь удирдах албан тушаалд очиж цол хүртэнэ.
2.    Цол нь нийгмийн нэгэн баталгааг хангах нэгэн чухал'хүчин зүйл. Цол дагаж албан хаагчдын цалин нэмэгдэж ар амьдралд нь эдийн засгийн бага ч гэсэн хөшүүрэг болдог. Харин шинэ хууль батлагдсанаар Цолны нэмэгдэл гэж авах боломжгүй болно.
3.    Одоо байгаа хуулиар олон жил үр бүтээлтэй ажилласан гээд хугацааны цол хүртэх эсвэл онцгой гавьяа байгуулсан гээд хугацаанаасаа өмнө цол хүртэж байна. Энэ нь албан хаагч, иргэд гээд хэний ч нүдэнд ил тод байдаг. Тэгвэл хуулийн төсөлд дурдсанаар ил тод байдаг цэвэр өрсөлдөөн байхгүй болж улстөрчийн “хүн” дэвших магадлал өндөр гэсэн дүгнэлтийг хэлж байна. Цолны энэ асуудал зөвхөн цагдаад гэж андуурч болохгүй. Шүүхийн шийдвэр, хил.дотоодын цэрэг гээд хууль сахиулагч бүрт хамаатай. Хууль сахиулагч гэдэгт цагдаа, мөрдөх алба, маршалын албаны алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын ажилтан, хилчин, аврагч, гал сөнөөгч, улсын байцаагч нар хамаарна.
Өөр нэг онцлох зүйл нь генерал цол гэж үгүй болох тухай. Туслах комиссар, дэд комиссар, комиссар гэсэн дээд цолтой болж байгаа гэнэ. Хууль сахиулагч нь бага түрүүч, түрүүч, ахлах түрүүч, бага дэслэгч, дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, хурандаа, туслах комиссар, дэд комиссар, тэргүүн дэд комиссар, комиссар гэсэн албан тушаалын цолтой. Үүнээс үзэхэд, дэд хурандаа гэх цол бас үгүй болно гэсэн үг. Хэрэв энэ хууль батлагдвал өдгөө генерал цолтой эрхмүүд комиссар гэх цол өөд шилжих юм байна. Харин хууль сахиулагчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалд хамаарах бөгөөд удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй. Тодруулбал, хууль сахиулах байгууллагын дарга нь комиссар, дэд дарга нь тэргүүн дэд комиссар, дэд комиссар, төв байгууллагын албаны дарга нь туслах комиссар болно. Ингэхдээ хууль сахиулагчийн гүйцэтгэх албан тушаалд цагдаа, мөрдөх алба, маршалын албаны алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын ажилтан, хилчин, аврагч, ГАЛ сөнөөгч, улсын байцаагч болон тэдэнтэй адилтгах албан тушаал хамаарахаар шинэ хуулийн төсөлд заажээ. Энэ мэтчилэн бүтцийн болоод цол дагасан өөрчлөлтийг зарим хуулиар гаргаж ирэх ч үүнийг нь галын фронтод ажилладаг цагдаа нар нь хүлээн зөвшөөрөхгүй шинжтэй. Хэдийгээр цагдаагийн эрх зүйн байдал болоод нийгмийн баталгааг хангаж чадсан хууль учир дутагдалтай байгаа ч албан тушаал дагаж цол олгох тогтолцоог цагдаа нар хүлээн зөвшөөрөхгүй гэх. Хуулийн төслийг өдгөө Хууль зүйн яамны хэмжээнд боловсруулж байна.