Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож тус байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцлаа. /2013.01.29/
2013.02.01

Хяналт шалгалтаас илүү соён гэгээрүүлэх, сургах асуудалд түлхүү анхаарна

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байгааагентлагууд ард иргэдийн өмнө хамгийн тулгамдаад байгаа амин чухал асуудлуудыг хариуцан цаг алдалгүй шийдвэрлэж байх хариуцлагатай үүргийг хүлээж байдгаараа онцлогтой. Тэгвэл өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий  газраас  удирдах ажилтны зөвлөгөөнөө зохион байгуулж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож тус байгууллагын өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцлаа.

Манай улс 2003 онд хяналтын нэгдсэн тогтолцоонд шилжсэн нь өнөөгийн дэлхийн улс орнуудад эрчимтэй явагдаж байгаа

шинэ чиг хандлага руу эрт шилжиж орсон   үнэлүүштэй давуу тал хэдий ч, бүтцийн өөрчлөлт хийх, мэдээллийн технологийг иж бүрэн нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдээгүй байгааг Олон улсын санхүүжилтийн корпорациас онцолж байна.

 Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашдын өөрчлөлтийн талаар Шадар сайд хэлэхдээ “Шаардлагагүй хяналт, шалгалтыг хүчингүй болгох, давхардлыг цөөлөх, нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хяналтыг гол болгох,хяналт, шалгалт хийдэг бүх байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох нөхцөл бүрдүүлэх,хяналтыг эрсдэлийн үнэлгээнд төлөвлөж хэрэгжүүлдэг болох, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахын тулд бизнес эрхлэгчдийг соён гэгээрүүлж, зөвлөн тусалдаг, урьдчилан сануулдаг, сургалтанд хамруулдаг болох, байцаагч нарыг мэргэшүүлэх, чадавхижуулах гэсэн үндсэн зургаан  асуудалд төвлөрч ажиллана гэлээ.