Ерөнхийлөгч аймгийн Засаг дарга нарт шударга байхыг захилаа
Энэ өдрүудэд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар Улаанбаатар хотод цуглан 2013 онд хийх ажлын төсөв, төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа. Тодруулбал Засгийн гззрын мөрийн хөтөлбөр, түүнээс энэ онд хийх бүтээн байгуулалт хийгээд улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгааг салбар яамдын сайд нар танилцуулж байгаа юм. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа уг хуралдаанд өчигдөр Ерөнхийлөгч үг хэллээ.
Тэрээр нийгэмд ард түмний шүүмжлэл их байгаа нь төрийн үйл ажиллагаа, уламжлалтай холбоотой хэмээн яриагаа эхэллээ. "Шууд хэлбэл төрийн албан хаагчдын үйл ажиллагаа хаагдмал, хүнд суртал их байгаа учраас манай дарга ийм, манай дарга тэгдэг гэж яриад байна. Тэгэхээр төрийн уйл ажиллагааг ил тод явуулж, хууль дээдлэн хоёргүй сэтгэлээр албандаа зүтгэдэг байх шаардлагатай. Хоёргүй сэтгэлээр гэдэг үгийг одоо цагт ойлгох хэрэгтэй болсон. Энэ үг бол нийгмийн эрх ашгийн төлөө гэсэн ухагдахуун юм. Шууд хэлбэл өөрийн эрх ашгийн төлөө биш, аймгийн Засаг дарга болсон учраас аймгийнхаа хөгжлийн төлөө, иргэдийнхээ эруүл, аюулгүй амьдралын төлөө ажиллах ёстой гэж ойлго" хэмээж байв.
Цааш нь өгүүлэхдээ "Та бүхэн Улаанбаатарт , ирээд хэд хонолоо. Олон ч хүнтэй уулзсан. Энэ дундаас л шинэ санааг олж буцах хэрэгтэй. Тэгээд ч төсвийн мөнгөөр зам тавихыг ажил хийсэн гэхгүй. Өмнөх Засаг даргаасаа яаж илүү ихийг хийж бүтээх вэ гэсэн сэтгэл, хийж бүтээснийг чинь иргэд дүгнэнэ. Ер нь аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга сайн ажилтай, сайн ёс зүйтэй, сайн шаардлагатай байх юм бол ир-гэд дагана. Харин Засаг дарга, ИТХ-ын дарга нэр зүүсэн нөхөр гарч ирээд өөрийн ах дүү, тойрон хүрээлэгчдээ албан тушаалд суулгаж муу үлгэр дуурайл үзүүлдэг байж болохгүй. Өмнө нь ийм байсан учраас та нарыг энэ замаар битгий яваасай гэсэндээ хэлж байна. Тэгэхээр та өмнөх Засаг даргаасаа зохион байгуулалт, сахилга, соёлоороо, хийх гэж байгаа зүйлээрээ ялгарах ёстой" гэдгийг зөвлөлөө.
Түүний ярьснаар хаалттай нийгмийн Засаг даргын буруу үйлийн үрийг иргэд мэдэлгүй өнгөрөөж лайг нь өөрсдөө үүрдэг байсан бол өнөө цагийн нээлттэй нийгэмд урьдчилан мэддэг болсон. Тэгээд хэлдэг болсныг та бүхэн тунгаах хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Тиймдээ ч иргэд таны энэ үйлдэл буруу л гэж байвал та хичнээн зөв гэж бодсон ч буруу байна. Нэг үгээр хэлбэл удирдагч хүн бол сүргийн манлай гэсэн үг. Сүргийн манлай буруу тийшээ хөтөлбөл аймаг буруу тийшээ явна. Зөв тийшээ хөтөлбөл зөв тийшээ явна. Аймгийн Засаг дарга гол санааг гаргаж олонхийн саналаар ажил хэрэг болгож байх ёстой гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн төр гэдэг зөвшөөрөл олгодог биш, зөвшөөрлийг хянадаг газар гэд-гийг хэллээ. Хуулийг ийм хэлбэрт оруулах шаардлагатай байгааг Засгийн газарт мэдэгдсэн гэдгээ ч Ерөнхийлөгч дурдав.
Ер нь манай улсад мөнгөний хойноос, зөвшөөрлийн хойноос хөөцөлдсөн, өөрөөсөө хамаарал бий болгох гэсэн бодлого яваад байдаг. Бүх зүйл даргаас хамаараад ирэхээр хүн тонголзох байдал үүсдэг гэдгийг ч хэлэв. Тиймээс энэ буруу соёлыг шат шатны дарга нар, тэр дундаа орон нутгийн удирдлагууд хуулиа хэрэгжүүлж өөрчлөх хэрэгтэй байгааг дуулгасан. Төрийн үйл хэргийг танил тал, сэтгэл хөдлөлөөр хэзээ ч явуулж болдоггүйг дурдаад үүнээс зугтах хамгийн сайн арга нь иргэдтэйгээ зөвлөх. Зөвлөснөөр ажил бурууддаггүйг Засаг дарга нарт захив. Тиймээс Монгол төрийн зам төр эрхтэй болоход биш, иргэн эрхтэй болоход байдгийг сургав. Учир нь өнөө цагт орон нутгийн удирдлага, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг дээд шат гэж ойлгож байна. Яг үнэндээ УИХ, Зас-гийн газар, Ерөнхийлөгч иргэдээс сонгогддог учраас иргэд дээд эрх мэдэлтэн болж байгааг тайлбарлаж, Төрийн ор-донд төрсөн хүн гэж байдаггүйг дурдлаа.
Гэхдээ өмнөх Засаг даргаасаа тэс өөр, цоо шинэ байдлаар ажиллах гэж байна гээд бүх зүйлийг нурааж, хааж өөрчлөн хүчээ үзүүлэх гээд байж болохгүй. Сайд, дарга нар, зарим Засаг даргын үйлдлийг харахад ийм байна. Одоо үүнийг зогсоох хэрэгтэй. Нэг л их өөрчилнө, оролцоно, нураана гэсэн хүмүүс нийгмийг цочроож болохгүй хэмээлээ. Зах зээлийн нийгмийг чирэгч нь хувийн ашиг сонирхол. Хувийн хэвшил ашигтай учраас хөгжөөд байгаа юм. Гэтэл манай төр тэр ашгийг нь булааж аван нийгмийг чирэгчээ цохиж унагаад байна. Ийм байхад энэ нийгэм яаж урагшаа явах юм бэ гэсэн асуултыг ч ярианыхаа дундуур тавьж байсан. Ерөнхийлөгч энэ мэтээр төрийн албан хаагч, сайд, дарга нар хэт туйлшралаас болж алддагийг захиад орон нутгийн төсөв нэмэгдэж алдаж болохгүй боломж ирснийг анхааруулав.
Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд "Төр гэдэг байгууллага дутагдлыг засдаг, мууг засдаг, муу соёлыг өөрчлөгч. Хуулийг хэрэгжүүлдэг, хулгайтай тэмцдэг газар болохоос биш мөрөөрөө юм хийх гэж байгаа хүмүүст гай болдог газар биш.Тэгээд ч даргад өгсөн эрх ялзардаг, иргэнд өгсөн эрх хөгждөг. Төрд өгсөн эрх ялзардаг, иргэнд өгсөн эрх улсын хөгжлийн үндэс болог. Үүнийг байнга санаж явах хэрэгтэй хэмээв.