Сайд Л.Болд АОХН-ийн бүсийн бага хурлыг нээв
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2013.01.18

Сайд Л.Болд АОХН-ийн бүсийн бага хурлыг нээв

Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Дели хотноо нээгдсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн ардчиллын боловсролын асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын бүсийн бага хурлыг нээж үг хэлжээ.

Сайд хэлсэн үгэндээ АОХН-ийн хүрээнд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын санаачилгыг хүлээн авч энэхүү бага хурлыг хамтран зохион байгуулж байгаад Энэтхэгийн талд талархал илэрхийлж, энэхүү бага хурал нь АОХН-ийг тэргүүлж байгаа Монгол Улсын хувьд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон, барьцтай ажлуудын нэг болж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монгол Улсын санаачлан батлуулсан ардчиллын боловсролын тухай тогтоолыг санал нэгтэй баталсан нь дэлхийн улс орнууд ардчилсан институцийг бэхжүүлэх, хүний эрхийг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн зорилтуудыг урагшлуулах, хүний нөөцийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, улс түмнүүдийн хоорондын харилцан ойлголцлыг өргөжүүлэхэд боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг 2014 онд илтгэхэд манай бүс нутгийн орнууд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улс итгэж байна гээд хамтран ажиллахыг уриалав.

Тус бага хуралд бүс нутгийн 20-иод орон, ЮНЕСКО, НҮБ-ын Ардчиллын сангийн төлөөлөгч нар оролцож байгаа аж. Бага хурлын үеэр манай төлөөлөгчид ардчиллын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг тодорхойлсон баримт бичгийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэх юм. Энэ төслийг Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хоёр талын хамтарсан мэргэжлийн баг боловсруулжээ.

Хурлын нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд БНЭУ-ын Хүний нөөцийн хөгжлийн сайд Мангапати П.Ражутай уулзсан байна. Л.Болд Мэдээллийн технологийн сургалт, аутсорсингийн хамтарсан төв байгуулах төслийн ажлыг энэ оны нэгдүгээр улирлаас эхлүүлэхэд Монголын тал бэлэн байгааг нотолж, манай улсын англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, багш мэргэжилтнүүдийн багшлах ур чадвар, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр энэтхэгийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.