Хууль тогтоогчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой
УИХ-н гишүүн С.Бямбацогт
2013.01.15

Хууль тогтоогчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой

Парламентын гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэж, санал хураадаг болох тухай хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос дараахь зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан. Яагаад энэ хуулийн төслийг боловсруулав?

-Сүүлийн жилүүдэд хуульд заасан ирц бүрдүүлэхгүйгээр УИХ-ын хуралдаан зохион байгуулах, санал хураах, бусдын өмнөөс санал өгөх тохиолдол гарч байна. Ийм байдлаар удаан явбал УИХ-аас гарсан шийдвэрийн үр дүн, хууль тогтоомжийн чанар муу болох зэрэг сөрөг үр дагавар гарах магадлалтай. УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгож, гишүүд сонгогчийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх нөхцөл бүрдүүлэх үүднээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураалт явуулахад биеийн давхцахгүй өгөгдөлийн төхөөрөмж ашиглах буюу хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг, саналаа өгдөг байхаар хуулийн төсөлдөө тусгасан байгаа. Энэ хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, Г.Уянга, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан нарын гишүүнтэй хамт санаачилж, өргөн барьсан.

-Хэрэв энэ хуулийг баталчихвал УИХ-ын гишүүд үнэхээр хариуцлагатай байж чадах болов уу?
-Монголын 2.7 сая хүн хурууныхаа хээгээр сонгуульд саналаа өгөөд сурчихлаа.

Албан байгууллагуудын ажилтан, албан хаагчид өглөө бүр хурууны хээгээр ирцээ бүртгүүлж байна. Тэгвэл УИХ-ын гишүүд яагаад ингэж болохгүй гэж. Бусдаар ирцээ бүртгүүлүүлчихээд өөрөө гэртээ хэвтэж байж болохгүй шүү дээ. Бодлого, хариуцлага ярьж байгаа хууль тогтоогчид өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Энэ хууль хэрэгжээд эхэлбэл УИХ-ын гишүүд хариуцлагатай болно гэж бодож байна.

-Та өмнө нь бусдын өмнөөс санал өгч, товчлуур дарсан тохиолдол бий юү?

-Нуугаад яах вэ. Шаардлагатай үед дарж байсан тохиолдол бий. Одоо бол ингэх шаардлагагүй. УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангатгах хэрэгтэй  байна. УИХ-ын гишүүн бол өөрийг нь сонгосон ард иргэдийн төлөөлөл. Тиймээс тэдний өмнөөс санал өгч байна гэсэн үг. Биднийг төлөөлж, УИХ-д ажилла гээд үүрэг өгөөд явуулсан байхад хурлаа таслаад, хувийн ажлаа амжуулаад явж таарахгүй. Тэр олон сонгогчийн саналыг үнэгүйдүүлэхгүй, хулгайлуулахгүй байх нь хуулийн төслийн гол ач холбогдол юм.