“Innocence of muslims”-ийг бүтээгчдэд цаазын ял оноов
АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн “Innocence of Muslims" кинонд зөнч Мухамедын дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин
2012.12.01

“Innocence of muslims”-ийг бүтээгчдэд цаазын ял оноов

Египетийн шүүх “Innocence of muslims” хэмээх лалуудын уур хилэнг төрүүлж, зөнч Мохамедийг доромжилсон гэх киног бүтээхэд оролцсон Египетийн зургаан христос шашинтанд цаазаар авах ял оноожээ. Тэднийг лал шашныг доромжилсон, лалуудыг өдөөн хатгасан хэмээн үзсэн байна. Мөн Египетийн шүүх Коран судрыг олон нийтийн өмнө шатааж дэлхий нийтийн танил болсон Америкийн христос сүмийн номлогч Терри Жонст ялын дээд хэмжээ оноожээ.
Зургаан копт (Египетийн христос шашинтан) эдүгээ АНУ-д байгаа тул шүүхээс эчнээ ял оноосон юм. Т.Жонс дээрх киног бүтээхэд оролцоогүй ч энэ кино дэлхий даяар алдаршсаны дараа продюсерийн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсон билээ. Египетийн Ерөнхий прокурорын газар Интерпол болон АНУ-ын эрх баригчдад хандаж эдгээр хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргасан байна.
АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Innocence of Muslims" хэмээх кино нь дэлхий дахины нэг тэрбум гаруй лалын шашинтнуудын уур бухимдалыг төрүүлсэн бөгөөд АНУ-ын эсрэг эсэргүүцлийг дэвэргээд байгаа юм.
“Innocence of muslims” киног бүтээсэн Марк Бассили Юсефийг АНУ-д нэг жилийн ялаар шийтгэсэн юм. Шүүхээс түүнийг хугацаанаасаа өмнө суллагдах болзлыг зөрчсөн хэмээн үзсэн аж. Марк Юсеф 2011 онд санхүүгийн луйварт оролцсоныхоо төлөө шүүхээс 21 сар эрхээ хасуулах ял сонссон юм.
Гэвч 2012 онд шийтгэлийн хугацаагаа дуусгалгүй суллагдсаныхаа дараа тусгай зөвшөөрөлгүйгээр интернэт ашиглахгүй, нууц нэр хэрэглэхгүй гэсэн болзлыг зөрчсөн нь тогтоогдсон юм. Юсеф дээрх киног хийхдээ Накула хэмээх нууц нэр ашигласан байна.
“Innocence of muslims” кино олон нийтийн хүртээл болсон даруйдаа лалын ертөнцийн уур хилэнг төрүүлсэн юм.Марк Юсеф лал шашныг үндэслэгч Мохамедийг ижил хүйстэн хэмээн дүрсэлж, Коран судар нь Библийн хуулбар хэмээн харуулсан аж. Эл кино өнгөрсөн зун интернэтээр цацагдаж, хэдэн сарын дараа хэн нэг нь араб хэлээр орчуулан гаргаснаар лал шашинтнуудыг эрслэн босоход хүргэсэн байна.
Лал шашныг ийнхүү доромжилсны хариуд Ливи дахь АНУ-ын элчин сайдын яамны байр хилэгнэсэн иргэдийн халдлага, довтолгоонд өртөж Америкийн элчин сайд амь насаа алдсан билээ.
 

Киног бүтээсэн 55 настай Марк Юсефийн “толгой”-г 100 мянган доллараар үнэлжээ. Шагналын мөнгийг хувиасаа гаргана гэдгээ Пакистаны Төмөр замын сайд Гулам Ахмед амласан юм.

АНУ-ын Засгийн газар “Innocence of muslims” киног буруутгаж, шуугиан тарьсан энэ хальсийг YouTube-ээс авч хаяхыг Google-ээс шаардсан байна. Гэвч Google корпорац татгалзсан хариу өгчээ. Москва хотын Тверийн шүүх, мөн Грозный хотын шүүх энэ киног үнэнээс гажууд, өдөөн хатгасан кино хэмээн үзсэн байна