Таван дүүрэг, 210 хэсгийн хороонд дахин санал хураалт болно
Тойргийн хороод дахин санал хураалтыг энэ сарын 30-нд буюу ирэх баасан гаригт товложээ.
2012.11.28

Таван дүүрэг, 210 хэсгийн хороонд дахин санал хураалт болно

Их сунгааны шийдвэр эцэслэгдэж, парламент бүрэн бүрэлдэхүүнтэй болж амжаагүй байхад хөр цасны арвин, хөхөө өвлийн хүйтэн дундуур болж өнгөрсөн сонгуулийн дүн чирэгдэл дагуулах нь тодорхой боллоо.

Одоогийн байдлаар нийслэлийн таван дүүрэг, орон нутагт нийт 210 хэсгийн хороонд ирц хүрээгүй мэдээтэй байна. Тиймээс тойргийн хороод дахин санал хураалтыг энэ сарын 30-нд буюу ирэх баасан гаригт товложээ. Гэхдээ дахин санал хураалтаар сонгогчдын ирц босго хувьдаа хүрэхгүй тохиолдолд олонхийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцох хуулийн заалттай. Тэгэхээр энэ жилийн сонгуулийн буухай билэгдлийн чанартай санал хураалтаар ийнхүү эцэслэгдэх нь. Гэвч эцсийн дүнд “америкжсан” эрх баригчид барууны технологийг тэр чигт нь хуулж монгол хөрсөн дээр тавьсан нь ийнхүү иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн хэрэг боллоо.

Өнөөдөр хүн төрөлхтний сонгох, сонгогдох хамгийн сайн хувилбар гэх сонгуулийг монголжуулах тал дээр эргэн харж, анхаарахгүй бол дахиад сонгууль явуулахад үүнээс ч долоон дор зүйл болохоор харагдлаа. АНУ-д дүн өвлөөр сонгуулиа өгнө үү, халуун зунаар аахилна уу нүүдлийн соёл иргэншилтэй, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай оронд огтхон ч хамаа алга. Манайх чинь АНУ биш болохоор малчид отор нүүдэлдээ гарчихсан, өндөр настангууд төв суурин бараадсан, иргэд идэш хоолоо бэлдэх, оюутнууд хагас жилийнхээ хичээлийн шалгалтад бэлдэх гээд дурьдавч баршгүй олон эрсдэл дундуур энэ удаагийн сонгууль болж өнгөрсөн учраас үр дүн нь ийнхүү “онц муу” хэмээн гарч байгаа болов уу.

Нийтдээ нэг сая гаруй хавтгай дөрвөлжин газар нутагтай, гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад америк технологи хэзээ ч тохирохгүй гэдгийг удаа дараагийн үйлдэл харуулж байна.

Нөгөө талд өмнөх сонгуулиудаас хоёр дахин их өртгөөр буюу 9.2 тэрбум төгрөг зарцуулж хийсэн ч ирц хүрсэнгүй.

Гэхдээ ямартай ч бодит байдлыг цагаан захтнууд ойлголоо, хүлээн зөвшөөрлөө. Алдаан дээрээ суралцах ёстойгоо эхнээсээ ухаарч, ирэх парламентын сонгуулиас өмнө холбогдох хуульд өөрчлөлт оруулах байр суурь илэрхийлж эхэлжээ.

Тухайлбал, Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийнхэн зуны дэлгэр цагт 10 тэрбум төгрөг хэмнэж, хангалттай ирцтэйгээр сонгуулиа хийх нь зөв юм байна гэдэгт санал нэгдсэн мэдээтэй. Тиймдээ ч УИХ-ын дарга твиттерээр 2016 онд хоёр шатны сонгуулийг зэрэг явуулах уу гэсэн асуултад иргэдийн саналыг авч эхэлжээ. Цаашлаад, өнгөрөгч сонгуулийн маргааныг эцэслэн шийдээгүй, зарим тойргийн сонгогчид өнөөдрийг хүртэл төрд төлөөлөх элчгүй байгаа нь ч ирцэд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл болсон нь гарцаагүй.

Гэсэн ч голлох хүчнүүдийн шаргал ордны хоосон сэнтийд хүч үзэх тэмцэлдээн улам ширүүссээр байна. Тэр ч бүү хэл Өвөрхангай аймагт нэр дэвшиж, гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан С.Чинзориг өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. Учир нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарт түр үнэмлэх олгон, УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх нөхцөл байдлыг хангаад байгаа билээ.

Уг нь МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар АН-аас нэр дэвшигчдийг олон саналаар хол хаяж, үнэмлэхүй ялалт байгуулсан гэдэг. Энэ ч утгаараа өвөрхангайчууд өөрсдийн саналаа луйвардуулсан хэмээн жагсч байсан удаатай. Гэхдээ өнөөдрийг хүртэл эл асуудал шийдэгдээгүй л байна.

Ямартай ч МАН-ын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүний тангараг өргөх магадлалтай хэд хэдэн гишүүнийхээ “хувь, заяа”-ны талаар хэлэлцсэн. Гэвч ялалтыг хаягласан намынхны тухайд, тус тойрогт нэр дэвшин өрсөлдсөн хоёр гишүүнийхээ тангаргийг ирэх лхагва гаригт ёсчилно хэмээн баяр хөөрт бялхаж сууна. Тэгэхээр ах намынхан “дээд” хурлаараа энэ бүхэнд ямар арга хэмжээ авахаас шалтгаалан парламент элэг бүтэн болж чадахад ихээхэн нөлөөлөх бололтой.