Сайд нь Playboy сэтгүүлд ярилцлага өгөөд тэтгэврийн хөгшдийг уурлуулав
Латвийн Тэтгэвэр авагчдын холбоо тус улсын Нийгмийн хамгааллын сайд Илзе Винькелег огцрохыг шаарджээ. Сайд эмэгтэй Зөвлөлтийн үед тэтгэвэрт гарсан хүмүүс өөр улсын төлөө ажиллаж байсан тул тэдний өөр улсын ашиг тусын төлөө оруулсан хувь нэмрийг өнөөгийн Латви улс боломжийн хэмжээнд үнэлж чадахгүй гэж хэлсэн юм.
Үүнийг эсэргүүцэж Тэтгэвэр авагчдын холбооны төлөөлөгч Айна Верзе “Ийм болчимгүй үг хэлж байгаа хүн өндөр настай хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх урчитай яамыг толгойлох эрхгүй” гэж мэдэгдэв. Хэрэв сайд эмэгтэй суудалдаа үлдвэл тус холбооноос томоохон хэмжээний эсэргүүцлийн арга хэмжээ авах болно гэдгээ өгүүлжээ.
Сайд Винькеле Playboy сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хөгшчүүдийн уур бухимдлыг хүргэсэн дээрх мэдэгдлийг хийжээ. Тэрээр “Зөвлөлтийн үеийн хүмүүс бага тэтгэвэр авч байгаа нь шударга явдал. Тэд олон жил ажилласан ч өөр улсын төлөө зүтгэж байсан тул бага тэтгэвэр авч байгаа. Гашуун боловч үнэн зүйл энэ юм. Өөр улсын тусын тулд хийж байсан тэдний хөдөлмөр өнөөдөр манай улсад өндрөөр үнэлэгдэх ёсгүй. Тэдний төлсөн татвар тэр улстайгаа устаж алга болсон билээ” гэж ярьсан байна.