УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Заалт бүрээр нь өөрчлөх нь зүйтэй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /наймдугаар сарын 29/ Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, Эрүүгийн хуулийн 111-р зүйлийн 1-3 дахь заалт буюу сэтгүүлчдийн эрх ашигтай холбоотой заалтуудыг өөрчлөхөөр ажиллаж байгаагаа мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд ороогүй, энэ асуудлыг хэзээ хэлэлцэх нь ч тодорхойгүй байгаа тул Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуучин хуулийг шинэтэй нь харьцуулах байдлаар хуулийн заалтуудыг өөрчлөхөөр зорьж буйгаа тэрбээр хэллээ. Тухайлбал, хэвлэл мэдээллийнхнийг ихээхэн зовоодог Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл буюу “Гүтгэх” гэсэн хэсгийн 1-т “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсэхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг тэрбээр “Бусдын нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаах зорилгоор зохион байгуулалттайгаар үгсэн тохиролцож худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсэхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн өөрчлөх бодолтой байгаа аж.
Үүнийгээ О.Баасанхүү гишүүн “Гүтгэж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл учраас заавал Эрүүгийн хуульд хамаардаг, харин бусдын нэр төрд халдах гэдэг нь Иргэний хуулиар яваад сэргээгддэг үйлдэл. Тэгээд ч “илт” гэдгийг хэн мэдэж байгаа юм билээ!” гэв.
Мөн хуулийн 111.2-т байгаа “Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсэхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсэхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалтыг тэрбээр “Бусдын нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаах зорилгоор үгсэн тохиролцсон этгээдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигласны улмаас тухай хүнд бодит гэм хор учирсан, эсэхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсэхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн өөрчлөх саналтай байгаа аж.
Үүнийгээ тэр тайлбарлахдаа “Сэтгүүлч хүн өгсөн мэдээллийнхээ төлөө хэлмэгдэх ёсгүй. Заримдаа редакцийн зүгээс ч даалгавар өгч сэтгүүлчээрээ бичүүлсэн тохиолдол байдаг.
Байгаа мэдээлэлтэй нь холбох бус үйлдэлтэй нь холбоно.
Эрүүгийн хууль дахь нийгмийг шоронжуулсан энэ мэт заалтыг өнөөгийн амьдралд нийцсэн заалтуудаар солихыг зорьж байна” гэсэн юм.
Эрхэм гишүүн ер нь хуулийг, тэр тусмаа Эрүүгийн хуулийг багцаар нь өөрчлөх нь сайн хэрэг ч энэ өөрчлөлт хэрэгжтэл ихээхэн хугацаа алдаж, олон ч хүний эрх ашиг хохирох тул заалт бүрээр нь өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.