Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна
Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Хөгжлийн банкны тухай шинэ хуулийн төслийг энэ онд багтан УИХ-аар хэлэлцэх юм байна. Өнөөдрийн байдлаар хуулийн шинэ төслийг боловсруулсан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл хянаж байгаа аж.
Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн сул талууд:
“Хөгжлийн Банкны хууль, эрх зүйн зохицуулалтанд дараахь сул талууд байна. Эдгээрийг нэн даруй засаж сайжруулах хэрэгтэй байна” гэж Дэлхийн банкнаас мэдэгдсэн юм.
1. Бүрэн эрхийг хангалттай тодорхойлоогүй: Хуулийн 8-р зүйлийн 8.1 хэсэгт МУХБ-ны бүрэн эрхийг УИХ-аас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүлэх гэж заасан бол 10-р зүйлийн 10.1.3-т эдгээр төсөл, хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баримжаатай гэж тодотгожээ. Бүрэн эрхийн тухайд өртөг зардлыг нөхөх асуудлыг шууд тусгаагүйгээс МУХБ татварын орлогоор санхүүжих ёстой төслүүдийг санхүүжүүлж болох санаа харагдаж байна.
2. Санхүүжүүлэх төслүүдийн сонгон шалгаруулалтан дээр УИХ, МУХБ-ны ТУЗ-ийн эрх мэдэл тэнцвэртэй бус: Хуулийн 8-р зүйлийн 8.1 хэсэгт МУХБ нь УИХ-аас баталсан төслүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй, тэрхүү жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална гэжээ. Энэ нь МУХБ-ны бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж байна. Засгийн газар хувь нийлүүлэгчдийн хувьд МУБХ-ны зээлийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоож болох хэдий ч тодорхой төслүүдийн тухайд МУБХ мэргэжлийн судалгаа, үнэлгээ хийж, гүйцэтгэх удирдлага, эсвэл ТУЗ-аар батлуулах нь зүйтэй.
3. ТУЗ Засгийн газраас бүрэн гүйцэд бие даасан байж чадахгүй байгаа явдал: Хуулийн 17-р зүйлд ТУЗ-ийн гишүүдийг засгийн газар томилж, чөлөөлнө, мөн хараат бус гишүүд нь цөөнх (ёсөн гишүүний гурав нь) байна гэжээ. 22-р зүйлийн 22.1.10-т ТУЗ-ийн гишүүдийг “гурав хүртэл жилийн” хугацаагаар томилж, засгийн газар ТУЗ-ийн гишүүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлж болно гэж заажээ. Бие даасан, хараат бус байдлаа хадгалахын тулд амжилттай ажиллаж байгаа хөгжлийн банкууд томилгооны хугацаанд илүү баталгаа, хамгаалалт гарган өгч, ТУЗ-ийн гишүүдийг тодорхой хугацаагаар томилдог бөгөөд энэ хугацаа нь сонгуулийн мөчлөгөөс зөрсөн байхаас гадна хугацаанаас нь өмнө чөлөөлөх нөхцөл, журмыг тодорхой тогтоосон байдаг. Хуулийн 22-р зүйлийн 22.1.5-т засгийн газар “МУХБ-ны зээлийн бодлого, түүний хэрэгжилтийн талаар банк болон бусад эрх бүхий байгууллагуудтай шууд холбоотой байж, өөрийн байр суурийг илэрхийлэх”-ийг зөвшөөрчээ. Энэ заалт МУХБ-ийг улс төрийн нөлөөлөлд өртөмтгий болгож байгаа бөгөөд МУХБ-ны бие даасан байдлын тухай 6-р зүйлийн 6.1.2-т заасан зарчимтай зөрчилдөж байна.
4. Сангийн яамны хяналтын үүрэг хангалттай бус: Төсөвт учирч болзошгүй эрсдэлийг багасгах зорилгоор хөгжлийн банкны ТУЗ-д Сангийн яам хүчтэй төлөөлөлтэй байхыг зөвлөдөг. Цаашид хөрөнгө оруулалт зардал ихээхэн нэмэгдэж, эрдэс баялгийн үнийн савалгаатай холбоотой тодорхой эрсдэлүүд тулгарч болзошгүй учраас МУБХ-ны хувьд Сангийн яамны төлөөлөл хүчтэй Улирлын эдийн засгийн тойм 2012 14 байх нь зүйтэй.
5. Хяналт шалгалтын тодорхой чиг үүрэг байхгүй: Хөгжлийн банкны зохицуулалт, хяналт шалгалтын сайн туршлагаас харахад төр өмчлөл, хяналт шалгалтын үүргээ тусгаарласан байх шаардлагатай. Хяналт шалгалтын чиг үүрэг нь төр засгийг зээлийн эрсдэлээс, хувийн хэвшлийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалж, тухайн байгууллага нь ил тод байх, төслүүдийн эрсдэлийн удирдлага, мониторинг, үнэлгээг зохистой түвшинд хэрэгжүүлдэг нөхцлийг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Зохицуулалтын хүрээнд тогтоосон шаардлагыг хангаж ажиллаагүй байгууллагад арга хэмжээ авах хууль эрх зүйн чадамж хянан шалгагч нарт байх ёстой. МУХБ-ны тухай хуулинд хянан шалгагчийн үүрэг ролийг тодорхой заагаагүй байна. Сангийн яам зээлийн баталгаа гаргах асуудал дээр хяналт тавих үүрэгтэй бол МУБХ нь төв банкинд (Монголбанк) санхүүгийн тайлангаа гаргаж өгөх ёстой. Харин хяналт шалгалтын чухал чиг үүргүүд тусгагдаагүй байна. Уул нь МУХБ Монголбанкны хяналт шалгалтан дор үйл ажиллагаагаа явуулах ёстой.
6. Зээл олгох эрх мэдэл хэт их: Хуулийн 24-р зүйлд зээл, өөрийн хөрөнгийн харьцааны дээд хязгаарыг 50:1-ээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл өөрийн хөрөнгийн харьцаа 2 хувь гэсэн үг. 13-р зүйлийн дагуу МУХБ нь гуравдагч этгээдэд зээлийн баталгаа гаргаж болно. Эдгээр нь маш сул шаардлага бөгөөд засгийн газарт цагаа олоогүй эрсдэл учруулж болзошгүй юм. Үр дүн сайтай байгаа хөгжлийн банкуудын хувьд өөрийн хөрөнгийн харьцаа 12-оос 30 хувийн хооронд байдаг. Иймд засгийн газар МУХБ-ны бодлогыг дээр дурьдсан асуудлуудын хүрээнд тодорхой гаргаж, МУХБ-ны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй. “Барих-шилжүүлэх” буюу дараа төлөх нөхцөлийг зогсоох шаардлагатай УИХ-ын 2008 онд баталсан тогтоолын дагуу автозам, эрчим хүчний салбарт барилгын компанийн өөрийн санхүүжилтээр төсвөөс дараа төлөх нөхцөлтэйгээр төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Ийм төрлийн төслийн зардал 2008 онд төсвийн санхүүжилттэй нийт төслийн өртгийн гурван хувьтай тэнцэж байсан бол 2009, 2010 онд 25 гаруй хувь хүрч өссөн бөгөөд одоогоор томоохон дүнтэй хэвээр байна. Дараа төлөх нөхцөлтэй төслүүдийн барилгын ажил тайлант онд хийгддэг хэдий ч тухайн оны төсөвд тусгагддаггүй бөгөөд дараа нөхөн төлбөр хийгдэх ёстой үед гарч ирдэг учраас ТТБХ-ийн үйлчлэлийг сулруулж байна. Хөдөө орон нутгийн автозамыг ийм нөхцлөөр барихад илүү их өртөгтэй болж байна. Учир нь барилгын компаниуд арилжааны банкнаас зээл авч ажлаа санхүүжүүлдэг тул төсвөөс шууд санхүүжүүлсэн төсөлтэй харьцуулахад төслийн өртөг 25-30 хувиар нэмэгддэг гэсэн тооцоо бий. Дараа төлөх нөхцөлтэй төслүүдийн хувьд засгийн газар маш бага хэмжээний эрсдэлийг хувийн хэвшилд шилжүүлдэг бол санхүүжилтийн өртгийн нэмэгдэл зардлыг эцсийн дүндээ улсын төсөв даадаг боловч ажил гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн үр ашгийн өгөөж бий болдоггүй. Иймд дараа төлөх нөхцөлтэй төслүүд нь оновчтой шийдэл биш учраас тэдгээрийг зогсоож, төсвийн шууд санхүүжилтээр хэрэгжүүлдэг болох нь зүйтэй.