Нэр бүхий 4 улстай хийсэн хэлэлцээрийг хүчингүй болголоо
2012.11.02

Нэр бүхий 4 улстай хийсэн хэлэлцээрийг хүчингүй болголоо

УИХ-ын намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 2-ны Баасан гарагийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх АБГББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.  

Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүдээс зарчмын зөрөөтэй санал гараагүй бөгөөд С.Оюун хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжтой гэсэн санал дэвшүүлснийг гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотойгоор Р.Амаржаргал, Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын гишүүд саналаа хэлсний дотор   аливаа юмыг зоосны нүхээр харж, цэвэр эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс хандаж, улс орнуудтай байгуулсан хэлэлцээрийнхээ нөхцөл байдлаас шалтгаалан ялгавартай хандахын оронд яагаад нэг далайлтаар цавчиж байна вэ, энэ бол улс орны гадаад харилцаа, эдийн засгийн бодлоготой холбоотой эмзэг асуудал гэсэн байр суурь илэрхийлсэн бол Д.Дэмбэрэл гишүүн “Зөвхөн энэ 4 улсын тухайд бус, давхар татвартай улс орнуудыг  бүгдийг нь авч үзээд засаж шинэчлэхийг нь шинэчилж, хориг тавих улстай нь яриа хэлэлцээ хийгээд явж болохгүй юу?”,  Н.Батцэрэг гишүүн “Гадаадын 4 улстай байгуулсан гэрээг хүчингүй болгохтой холбоотойгоор олон улсын зах зээл дээр гарч буй хөдөлгөөнийг Сангийн яам хэр судалж байгаа вэ?” гэсэн асуулт тус тус тавив. 

Сангийн сайд Ч.Улаан эдгээр асуултад хариулахдаа: “Энэ 4 улсыг онцгойлон авч үзсэн бодлого байхгүй, энэ гэрээн дотор эргэж цуцлах нөхцөл нь өөрөө нэгэнт суучихсан байгаа, ер нь үлдсэн 26 оронтой байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг шат дараатайгаар эргэж харна” хэмээн хариулсан юм.   

Мөн Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ хуулийн төслийн асуудпаар өмнөх парламентын үед нэлээд шаргуу хөөцөлдөж байсныг хэлээд уг төслийг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлж, “Энэ гэрээнүүд өөрчлөгдсөнөөр манайд ямар нэгэн сөрөг үр дагавар гарч болох талаас нь, ер нь олон улсын харилцаа талаас нь Засгийн газар анхаарна биз” гээд тухайн асуудал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй хэрхэн холбогдож болохыг лавлалаа.   

 Ч.Улаан сайд “Давхар татварын гэрээ цуцлагдахад Оюутолгойн хөрөнгө оруулагчид хамрагдана. Ийм хөнгөлөлт, чөлөөлөлт алга болсноор манайд зохих хэмжээний хөрөнгө мөнгө орж ирнэ. Оюутолгойн асуудлаар гэрээ хэлэлцээр хийх ажлын хэсгүүд байгуулагдаж, хэд хэдэн чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа” гэлээ. 

Л.Энх-Амгалан гишүүний хувьд Р.Амаржаргал гишүүнтэй адил байр суурь илэрхийлж, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд итгэх итгэл алдагдаж,  Монголоос гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан компаниудын үнэ цэн буурч байгаа үед өмнө хүрсэн амжилтаасаа ухарч, ийм хууль баталснаар эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн анхаарууллаа.    

 Ч.Улаан сайд үүний хариуд “Шинэчлэлийн засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр тодорхой. Харилцан ашигтай, ижил тэнцүү нөхцөлийг хөрөнгө оруулагчдад олгож байгаа. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны үнэ буурч байгаад олон хүчин зүйл, түүний дотор дэлхий нийтийн хямрал, сонгуулийн кампанит ажлаас үүдсэн  дүгнэлт зэрэг шалтгаан нөлөөлж байгаа. Гэрээг хянаж үзсэнээр анх яригдаж байсан тэр л нөхцөлөө бий болгохыг хүсч байгаа.  Давхар татвараас чөлөөөх гэрээг 30 гаруй улстай байгуулсан. Анх энэ гэрээг байгуулж байсан нөхцөл байдал өөрчлөгдөн, уул уурхайтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт орох өгөөж алдагдаж байгаа тул эдгээр гэрээг тус тус  хүчингүй болгоод шинэчлэх зорилготой байгаа” хэмээн тайлбарлалаа.

Гишүүд энэ асуудлыг олон талаас нь удтал хэлэлцсэний эцэст анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн Байнгын хорооны горимын саналаар улс нэг бүрээр нь санал хурааж олонхийн саналаар баталлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.