2011.10.20
Г.Баярсайхан: УИХ томилсон албан тушаалтнуудтайгаа зөвшилцдөггүй байх аа.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг өөрчлөх төсөл УИХ-аар хэлэлцээд эхэлсэн. Энэ төсөлд та нэлээд шүүмжлэлтэй хандаад байгаа юм уу?
-Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх нь Үндсэн хуулиар олгогдсон. Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийх нь хууль зөрчсөн хэрэг биш. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ гэвэл дэлхийн том том корпориациуд, улс гүрнүүдийн ашиг сонирхол Монгол руу чиглэж байгаа учраас зөрчилдөж байна. Нэг үгээр хэлбэл дэлхийн томоохон улс орон, үндэстэн дамнасан корпориациуд уул уурхайн лицензийн, ашигт малтмалаас хувь хүртэхийн төлөө тэмцэж байна. Зарим хөрөнгө оруулагчид сонин хэвлэлийг худалдаад авчихсан байна. Болж өгвөл сөрөг мэдээлэл гаргуулахгүй байх санаатай байна шүү дээ. Нөгөө талаар улс төрчдийг худалдаж аван, өөрсдийн талд шийдвэр гаргуулахаар шаргуу ажиллаж байна.Гадаадын бизнес, эдийн засгийн бүлэглэлүүд манай сонгуулийн дунд нөлөөлөх оролдлого хийх магадлалтай.
Сонгууль дөхсөн ийм үед ноцтой зүйл яригдаж байгаад их эмзэглэж байна. Яагаад гэхээр жагсаал цуглаан гарсан тохиолдолд дотоодын цэрэг, тагнуулын байгууллага, хилийн цэргийг оролцуулан дарж авах асуудал яригдаж байгаа байхгүй юу. Уг нь цагдаагийн байгууллага хангалттай төсөв авдаг. Өөрийнхөө хүрээнд асуудлыг шийдэх боломжтой. Хилийн цэрэг, тагнуулын байгууллагатайгаа хамтрах ёстой зүйл дээрээ л хамтрах хэрэгтэй. Заавал жагсаал цуглааныг нийлж дарна гэдэг нь юу гэсэн үг юм. Жагсаал цуглааны бай-дал хяналтаас гарсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч онц байдал тогтоох эрхтэй. Ийм зүйл байсаар байтал заавал сонгуулийн өмнө иргэдэд айдас, хүйдэс төрүүлэх шаардлага юу байна. Хилийн цэрэг бол дархан хилээ манах үүрэгтэй биз дээ.Тагнуулын байгууллага гадагшаа ажиллах биш дотогшоо ард ард иргэдээ чагнах нь л дээ.
-Ц.Нямдорж сайдын санаачилж оруулсан хуулийн төсөл билүү?
-Тийм. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна гэсэн үг. Хамгийн гол нь жагсаал цуглааныг дарах асуудлыг яриад байгаа нь 2012 оны сонгууль булхайтай болох нь тодорхой болсны шинж гэсэн хардлага төрүүлээд байна. Сонгуулийн булхайгаа хийнэ, түүнийг нь иргэд эсэргүүцнэ гэдгийг мэдчихээд эртнээс ийм хуулийн төсөл боловсруулаад байгаа юм уу. Ард иргэд нэг л тохиолдолд босдог. Эрх баригчид ямар өчүүхэн амьтад вэ гэдгийг мэдсэн үед ард түмэн босно. Египетэд бослого гарахад зөвхөн цагдаа нь л үүргээ гүйцэтгэсэн байдаг. Хил хамгаалах, тагнуулын байгуул-лага нь ямар ч хэлбэрээр оролцоогүй.Тэр их дарангуйлалтай оронд ин-гэж чадаж байхад Мон-гол Улс ийм байж болохгүй шүү дээ. Монгол Улсад хил хамгаалахынхан нь ард иргэдээ номхруулах нь. Ингээд иргэний дайн гарах юм уу.-Хууль бус жагсаал цуглаан гэдэг нь ямар учиртай юм бол?
-Харин үүнийг тайлбарлахыг Ц.Нямдорж сайдаас асуугаад байгаа юм.-УИХ-ын 20 гишүүн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж байгаа. Удахгүй өргөн барина гэсэн. Хэзээ вэ?
-Тэр бичиг надад ирээгүй. Гэхдээ Засгийн газарт хариуцлага хүлээлгэх асуудлыг дэмжинэ. Ерөнхий сайд, Эр-дэс баялаг, эрчим хүчний сайд, НХХЯ, Эрүүл мэндийн сайдаас эхлээд бүгдэд нь асуулт тавьж хариуцлага хүлээлгэх хэрэг-тэй. СХД-ийн эмнэлэгт тусламж авч чадаагүйн улмаас хүн нас баржээ. Гэтэл Эрүүл мэндийн салбар шиг сайн ажиллаж байгаа салбар байх-гүй гэж магтаад байх юм. Бодит амьдрал дээр эсрэгээрээ байна. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд, Оюу толгойн гэрээг 57 дугаар тогтоолд ний-цүүлж чадаагүй Засгийн газрын тэргүүн, Д.Зоригт сайдад хариуцлагын асуудал хөндөх хэрэгтэй. Мөн тавдугаар цахилгаан станцын асуудлыг дөрвөн жилийн хуга-цаанд хамтраад шийдэж чаддаггүй юм байна. Үүнийг Ерөнхий сайдаас асууж хариуцлагын асуу-дал яримаар байна.-Та эмч хүн учраас эрүүл мэндийн салбарыг илүүтэй шүүмжлээд байна уу. Сайд нь танай намынх биз дээ?
-Хүний амь насны асуудал ярьж байгаа учраас энд аль нам байх нь хамаагүй. Эмнэлгийн үүдэнд нас барсан хүнийг согтуу байсан гэж эмнэлгийнхэн хэлж байна. Гэхдээ эрүүл ч бай, согтуу ч бай, бүр галзуу байсан ч эмнэлгийн босгоор өвчтөн алхсан бол тангараг өргөсөн эмч хүн түүнд анхны тусламж үзүүлэх ёстой. Хүний амь гэдэг чинь үнэтэй шүү дээ. Би эмнэлэгт асрагчаас эмч болсон хүн. Тийм учраас үүнийг хамгийн сайн мэдэх хүн. ДОХ-ын халдвар замбараагүй тарлаа. Хөдөө явахад эрүүл мэндийн салбарын талаар маш их гомдол гарч байгаа. Мөн зохицуулах хууль нь гарсан ч хуурамч эм маш ихээр худалдаалагдаж, хэрэглэгдэж байна.-Гэх мэтчилэнгээр Засгийн газрын үйл ажиллагаа муу байна гэж үү?
-Засгийн газар татвар хурааж авахдаа л сайн ажиллах юм.-Манай хүн амын есөн хүн тутмын нэг нь хоосон хонож байна гэсэн судалгаа гараад байгаа юм билээ?
-Эдийн засгийн өсөлт асар өндөр байна. Гэвч баялгийн шударга бус хуваарилалт бий болжээ. Уг нь газар доорх баялгийг иргэддээ өгөөжтэй зөв хуваарилах ёстой. Манай улсын газар доорх баялаг хилийн цаана баялаг болж байна. Монгол Улсад баялгийн шударга хуваарилалт алга. 1990 онд 600 гаруй ордтой байсан. Тэр ордын лицензүүд хаана байгааг асуумаар байна.-Сонгууль болоход богино хугацаа үлдсэн. Засгийн газрыг өөрчлөөд нэмэр байна уу гэж хүмүүс байгаа л даа...
-Сайд олон солигдвол муу хэрэг, харин муу сайд суудалдаа үлдвэл бүр муу хэрэг.-Оюу толгойн гэрээг сайжруулах бичиг өргөн барьсан гишүүд сүүлийн үед нэг л чимээгүй болчихлоо. Уг нь байн байн хэвлэлийн хурал хийгээд л сүртэй байсан...
-Манайхтай байгуулсан Оюу толгойн гэрээ шиг ийм гэрээ Африкт л байдаг байх.Тэгэхээр энэ гэрээг хийсэн хүмүүст хариуцлага тооцох асуудлыг хөндөх нь зайлшгүй. Цаас бол улайхгүй шүү дээ. Хамгийн гол нь тийм гэрээ хийсэн хүмүүс ичих хэрэгтэй. Бүр 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гээд ичихгүй яриад байна шүү дээ. Ямар ч байсан Монгол Улс Оюу толгойгоос 50 хувийг нь эзэмших эрхтэй.-Төрийн тэргүүн тал тал тийш хараад суух биш зөвшилцөхийг зөвлөсөн биз дээ?
-УИХ томилсон албан тушаалтнуудтайгаа зөвшилцдөггүй байх аа.-Уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт орж ирэх нь ашигтай юм биш үү?
-Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зүйн хэрэг Дэлхийн хөгжлийн нэг шат Монголоор дамжих болчихоод байна. Энэ их урсгалд ороод явж байгаагийн хувь бид өөрсдийн хууль дүрмийн дагуу хөрөнгө оруулагчдад шаардлага тавих эрхтэй шүү дээ. Тэр дагуу л явж байна. Норвеги өөрсдийн нутгаасаа Рио Тинтог хөгжүүлж л байсан. Яахав анх удаа ийм том хөрөнгө оруулалтын гэрээ хийж байгаа учраас нухацтай хандах хэрэгтэй гэдгийг хэлж байна.-Та нар тэмцсээр байгаад Оюу толгойн гэрээнд Монголын эзэмших хувийг 50 болголоо гэхэд ирэх сонгуульд ногоон гэрлээр дахин сонгогдоно биз...
-Яалт ч үгүй сонгууль дөхөөд ирлээ. Тэгэхээр юуг ч улстөржүүлж болно. Аргаль, янгираа экспортлохоо зогсоо гэж хэлсэн гишүүд улс төржсөн болох уу. Шонхрын наймаагаа зогсоо гэж шүүмжилсэн гишүүд улстөржиж байгаа хэрэг үү. Та нар биднийг юу ч гэж хэлсэн болно. Бид зүгээр л ажлаа хийж байгаа хүмүүс. Гэхдээ УИХ-ын 57 дугаар тогтоолыг заавал сонгуулийн өмнө хэрэгжүүл гэж хэлээгүй шүү дээ. Үүнийг 57 дугаар тогтоолд нийцүүлэх асуудлыг анхаар гэсэн юм шүү дээ.-Сонгуулийн тухай хуулиа одоо болтол баталдаггүй. Хоёр намын бүлэг тохироогүй л байна уу?
' -Би нэг л зүйлийг харж байна. Хоёр намын бүлэг зөвшилцөнө гэж явчихаад эцэст нь хуулиа бүр дордуулах гэж байх шиг байна. Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдарч байна. Гэтэл хотын 20 гишүүн цөөдөж байна. Ихэнх хөрөнгө оруулалт хөдөө рүү явж байна. Үүнийг өөрчилье гэж ярь-сан. Тэгтэл 48:28 гэдэг хувилбарыг сонгож, хотын гишүүдийн тоог 12 болгож цөөлөх юм яриад байна. Би үүнийг зөвшөөрөхгүй.-Таны хотод сонгогдох боломж багасаад байна л даа...
-Би Чингэлтэй дүүрэгтээ нэр дэвшинэ.-Тэгвэл юундаа айгаад байгаа юм...
-Үгүй ээ. Нийт улс орны эрх ашгийн үүднээс ярилаа шүү дээ. Сая гаруй хүн амыг 12 түшээ төлөөлөх нь учир дутагдалтай. Хотод ямар их асуудал хуримтлагдаж байгаа билээ.-Намаа дугуйлах уу, хүнээ дугуйлах уу гэдэг дээр тохирсон юм уу?
-48 нь мажоритар тогтолцоогоор, 28 нь пропорциональ тогтол-цоогоор явна. 48 нь намаа, 28 нь хүнээ дугуйлна. Манай АН-ынхны санал болгож байсан 38:38 гэсэн хувилбар нь эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй шийдэл байсан юм даа.-Үүний цаана ямар тохироо яваад байгаа юм бол?
-Хариуцлагагүй хамтарсан Засгийн газрыг ирэх сонгуулийн дараа дахин байгуулах тохироо яваад байгаа юм.-Ирэх сонгууль мөнгөний, луйврын сонгууль болох нь ээ?
-Мажоритар тогтолцоо давамгайлбал Ардын намын тэрбум тэрбумаар нь мөнгө шидэж байгаа залуусыг бид дийлэхгүй шүү дээ.-Ардын намын залуучууд тойргоо мөнгөөр зодож аваад байгаа юм биш үү?
-Манай нам залуучуудаа эрдэм номоор нь хэмжиж байгаа. Ардын намынхан хэдэн тэрбум төгрөг шидэж байгаагаар нь шалгуур тогтоогоод байгаа юм болов уу.-Асуудлаасаа жаахан хазайя. Парламентын шинэ ордон барих асуудал юу болсон бэ. Хойд цэцэрлэгээ сүйтгүүлэхгүй гэж хамгийн их тэмцдэг гишүүний нэг нь та байх аа?
-Парламентын шинэ ордон барьснаас хотдоо сайхан номын өргөөтэй болмоор байна. Дэлхийд хосгүй Ганжуур, Данжуураа найдвартай хадгалах номын өргөөтэй болмоор байна. Ер нь монголчууд жижигхэн монгол гэрээсээ дэлхийг удирдаад болоод байсан шүү дээ. Заавал том ордон, өрөөнд сууж төр улсыг удирдах шаардлага байна уу. Орох оронгүй жирийн иргэд олон байхад шинэ ордон байгуулах нь ичгэвэртэй. Монгол Улсад 100 сургууль, 100 цэцэрлэг, 100 номын сан баримаар байна.-Уг нь хотын захиргаанаас Төрийн ордны зүүн талын хуучин хэвлэх үйлдвэрийн газрыг өгөөд, шинэ ордноо барь гэсэн юм билээ...
-Болно шүү дээ. Тэнд хоёр давхар байшин барьчихаад ороод суухад юу нь болохгүй гэж.-Газрыг нь голоод байгаа юм биш үү?
-Монголд гологдох газар байхгүй шүү.-Та ан амьтан, байгаль орчноо хамгаалах чиглэлээр дуугардаг гишүүдийн нэг. Манай улс ховордож байгаа амьтдыг хамгаалах конвенцид нэгдэн орж байгаа юм уу?
-1975 онд байгуулагдсан энэ конвенцид нэгдэн орсон байгаа. Аргаль, янгир; шонхроо агнах тухай зүйл заалт конвенцид бий, Дотооддоо энэ амьтдыг агнах квотыг хуулийн хүрээнд шинжлэх ухааны. үндэслэлтэй хийх хэрэгтэй. Гэхдээ энэ амьтдыг экспортлох асуудал байж болохгүй. Үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, шинжлэх ухааны судалгаа, селекцийг өргөжүүлэх, тэжээл тавьж өгөх, өсгөж үржүүлэх ангийн аж ахуй бий болгох, хууль бус ан хийсэн тохиолдолд хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.