2012.10.10
СЕХ-ноос зөвлөмж гаргав
Орон нутгийн сонгуулийн бэлтгэл эхэлсэнтэй холбогдуулан СЕХ-ноос аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хороодод хандан зөвлөмж гаргасан байна.
Уг зөвлөмжид:
- Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 01-р сарын 01-нээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан байх бөгөөд сонгуулийн хороодод нэр дэвшигчийн баримт бичгээ хүргүүлэхдээ төрийн албанаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрээ хүргүүлнэ. Энэхүү шийдвэр нь тухайн дурдсан хугацаанаас хойш гарсан байж болно.
- Төрийн жинхэнэ албан хаагч нь Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиас өмнө төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн, халагдсан, тэтгэвэртээ гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг хамаарахгүй тул 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байх шаардлага тавигдахгүй болно.
- Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаас бусад төрийн үйлчилгээний албан хаагч нь сонгуульд нэр дэвшихэд ажлаасаа чөлөөлөгдөх талаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заагаагүй тул эдгээр албан хаагчид сонгуульд нэр дэвших боломжтой.
- Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт дурдсан удирдах албан тушаалтан гэдгийг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 354-р тогтоолд дурдсанаар ойлгоно.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо зөвлөмжид дурдсан дээрх асуудлыг нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах, бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа анхааран ажиллах нь зүйтэй гэжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.