Жендэрийн тэгш оролцооны үндэсний механизмыг судлах ажлын хэсэг байгуулахаар боллоо
УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Жендэрийн үндэсний хороо, төрийн бус байгууллагуудын МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Жендэрийн тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизм бүрдүүлэх нь” сэдэвт олон талт зөвлөгөөнийг өчигдөр Төрийн ордноо зохион байгууллаа.
Анхдугаар олон талт тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, зохион байгуулагч байгууллагууд, шүүх, холбогдох яамны мэргэжилтнүүд, агентлагийн төлөөлөгчид, олон улсын зөвлөх нар оролцсон юм. Үндэсний хэмжээнд хүн бүрийн эрх, эрх чөлөөг үр дүнтэй хамгаалах, эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийг төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын холбогдох гэрээ, конвенц, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголтонд хүрэх үүднээс ийнхүү зөвлөлдөж байгаа юм.
Зөвлөгөөнийг нээж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччин, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн С.Дондов нар үг хэллээ.
Жендэр улс орны хөгжлийг тодорхойлох асуудлуудын нэг. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, нийгэмд зөв ойлголт түгээх, эмэгтэй эсхүл эрэгтэй хүний асуудлыг ярьж хэт хэлбийхээс илүүтэй балансын тэнцвэрийг олж ажиллах тал дээр анхааран ажиллахаа мэдэгдэж, хамтран ажиллахдаа хэзээд бэлэн байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа.