УИХ-ын Тамгын газар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтран ажиллана
АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн (IRI)-гийн Монгол улс дахь хөтөлбөрийн захирлаар шинээр томилогдсон ноён Рафаэл Бэжар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой уулзаж УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллаж ирсэн уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
БНОУХ нь УИХ-ын Тамгын газартай олон жил хамтран ажиллаж, Тамгын газрын ажилтнууд, УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгчдийн чадавхийг сайжруулах чиглэлээр сургалт семинарууд зохион байгуулж ирснийг ноён Рафаэл Бэжар онцлоод энэхүүхамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. 2012 оны 9 сарын дундуур АНУ-ын Ардчиллын түншлэлийн байгууллага (HDP)-ийн санаачлагаар АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш нар УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач, шинжээч нарт зориулан 5 хоногийн сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгав.
УИХ-ын Тамгын газрын чадавхийг бэхжүүлэхэд тус хүрээлэнгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж, арга зүйн зөвлөгөө өгч ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар зарим тодорхой санал тавилаа. Тухайлбал, 2012 оны сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч, туслахуудад зориулсан сургалтыг бүсчлэн явуулах, УИХ-ын үйл ажиллагааг орон нутагт сурталчлах төвийн ажилтнуудын нэгдсэн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн УИХ-ын үйл ажиллагаа болон УИХ-аар батлагдсан хууль, тогтоомжуудыг олон нийтэд сурталчлахад зориулан мэдээлэл бэлтгэх, нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий зарим хуулийн төслөөр иргэдийн дунд нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын хүсэлтийг хүлээн авч буйгаа ноён Рафаэл Бэжар илэрхийлээд эхний удаад УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн бие төлөөлөгч-туслахуудын нэгдсэн сургалт семинарыг ирэх сарын сүүлчээр Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой, мөн бусад асуудлаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ингээд хоёр тал АНУ-ын Конгрессын “Ардчиллын түншлэл” хөтөлбөрийн туслалцаатайгаар УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн ажилтнуудад зориулсан сургалтыг 9 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулах, мөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдээс хоёр хуулийн төслийг сонгон авч иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж олон нийтийн санал авах, бусад асуудлыг тухай бүрт нь харилцан санал солилцож шийдвэрлэж байхаар тохиров гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.