2012.07.27

Н.Лувсанжав: Хоёр дүүрэгт есдүгээр сард дахин санал тоолно

СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нэг мандатад дахин санал тоолох ёстой. Үүнийг хэзээ хийхээр болов. Дахин сонгуулийн тов гарсан уу?

-Ирэх есдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бэлтгэл хангахаар ажиллаж байна. Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль болно. Түүнээс өмнө орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэн батлах шаардлага бий. Ингэж байж орон нутгийн сонгуулийг ямар хууль эрх зүйн орчинд явуулахыг тодорхой болгох ёстой.

-Уг сонгуулийг автоматжуулсан системээр явуулах уу?

-Орон нутгийн сонгуулийг автоматжуулсан аргаар явуулбал асар их зардал гарна. УИХ-ын сонгуулийн хэмжээний ажил болно. Гэхдээ автоматжуулсан аргаар сонгуулийг зохион байгуулах, эсэх нь хуулийг хэрхэн батлахаас хамаарна. УИХ шийдвэр гаргана.

-Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигчидтэй холбоотой асуудал юу болж байна вэ?

-МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нартай холбоотой маргааны анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Дараагийн шатны шүүх хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шүүхийн шийдвэр гарсны дараа тойргийн хороо асуудлыг авч хэлэлцэнэ. УИХ-ын энэ оны сонгуульд дүгнэлт хийж, хуульд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй тухай саналаа СЕХ боловсруулж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.