Г.Баярсайхан: Ёс зүйн дэд хороо Л.Гүндалай гишүүнд арга хэмжээ авна
2009.08.10

Г.Баярсайхан: Ёс зүйн дэд хороо Л.Гүндалай гишүүнд арга хэмжээ авна

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхантай уулзаж, ёс зүйн дүрмээ зөрчсөн гишүүдийн асуудлыг тодрууллаа.

-Өмнөх парламентын үед гишүүдийн ёс зүйн асуудал зөвхөн яригдах түвшинд байсан. Харин энэ хаврын чуулганаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталлаа. Дүрэм батлагдаж байхад гишүүд ёс зүйн дүрэмтэй боллоо гэхэд нааштай хүлээж авсан. Энэ талаар яриагаа эхэлье?

-Ёс зүйн дүрэм үнэхээр үгүйлэгдэж байсан. Батлагдан гарсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг төгс төгөлдөр болж, гишүүдийг ёс зүйтэй болгоно гэдэгт хувьдаа эргэлзэж байгаа. Ёс зүйн дүрэм бол тунхаглалын чанартай гарсан. Ер нь Ёс зүйн дүрмийг өмнө нь хүлээж авах боломжгүй байсан байх гэж боддог.

Харин сая л хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой, тунхаглалын чанартайгаар хүлээж авсан байх. Өнөөдрийн байдлаар, ёс зүйн дүрмийнхээ хүрээнд надад хоёр гомдол ирсэн. УИХ-ын гишүүн Л.Гүндалайн эмэгтэй хүнтэй ёс зүйгүй харьцсан, Ц.Шинэбаяр гишүүний УИХ-ын гишүүн болохоос өмнөх бизнестэй холбоотой гомдол. 

-Ёс зүйн дүрмээ зөрчсөн гишүүдтэй уулзав уу, тэд юу гэж байх юм?

-Энэ хоёр гишүүнтэй уулзаж, гомдлын талаар танилцуулсан. Асуудлыг яаж шийдэх бэ гэхээр дүрмээ л барина. Харин эдгээр асуудлыг шийдэхийн даваан дээр чуулган завсарлачихлаа. Л.Гүндалай гишүүний хувьд нэг намын журмын нөхөр гэсэн ч УИХ-ын гишүүн хүн эмэгтэй хүнийг доромжилж болохгүй. Монгол Улсын Их Хурлын гишүүн хүн гэдэг өөрөө бусдад үлгэр дууриал болж явах ёстой. Миний хувьд Л.Гүндалай гишүүний гаргасан ааш ёс зүйн дүрмийг маш ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж ойлгож байгаа. Ер нь Л.Гүндалай гишүүнд арга хэмжээ авна. Гэхдээ асуудлыг улстөржүүлмээргүй байна.

-Л.Гүндалай гишүүнтэй уулзах үед танд ямар хариу тайлбар хийсэн бэ?

-"Нэг эмэгтэй хүний асуудлаас болж Ёс зүйн дэд хороо хуралдахгүй биз дээ" гэж надаас асууж байна лээ. Би дүрмээрээ л шийднэ гэсэн. Мань хүн миний өрөөнөөс гараад хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Ж.Цолмон шиг хүүхнээс болоод ёс зүйн дэд хороо хуралдахгүй гэсэн агуулгатай юм ярьсан байна лээ.

Энд нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Ёс зүйн дэд хороо хуралдах эсэхийг Л.Гүндалай гишүүн шийдэхгүй. Ер нь энэ асуудлын цаана зөвхөн нэг эмэгтэй хүний бус Монголын бүх эмэгтэйчүүдийн асуудал байгаа гэж ойлгож байгаа, би.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.