2008.01.01

Татвар төлөөгүй аж ахуйн нэгжийг олон нийтэд зарлана

Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн дэргэдэх Эдийн зас­гийн бодлогын зөв­лө­лийн Төлбөрийн тэнцэл, валю­тын бодлогын дэд зөв­лөл өнгөрсөн лхагва га­рагт хуралдсан юм.
 
Энэ үеэр Мон­голбанкны Валют, эдийн засгийн газрын ахлах эдийн засагч Ц.Мөнхбаяр “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн 2011 оны болон 2012 оны эхний гурван сарын гүй­цэтгэл, 2012-2016 оны чиг хандлага”, Удирдлагын ака­демийн Зөвлөх үйлчилгээ, удирдлагын хөгжлийн тө­вийн захирал М.Мөнхболд “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн байдалд өгөх санал, дүгнэлт”, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төсөл, бизнес хөгж­­лийн хэлтсийн дарга Д.Начин “Гадаадын хөрөнгө оруу­лалтын тухай хууль ба гадаад хөрөнгө оруулалтын статистик тоо мэдээлэл”, Тат­варын Ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын Хам­тын ажиллагааны хэлт­­сийн дарга Б.Бадрал “Давхар татварын гэрээний зарим зүйл заалтын тухай”, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэн­химийн багш Ч.Энхбаяр “Орлогын албан татварын шинэчлэл” гэсэн илтгэлүүд тавив.

Хуралдаанаар өнгөрсөн оны макро эдийн засгийн үзүүлэлтүүд хэрхэн өссөн, энэ оны чиг хандлага ямар­хуу байгаа, дараагийн Зас­­гийн газрын ажиллах дөрвөн жилд макро эдийн засаг ямар төлөвтэй байх талаар тодорхой тоо баримт, судалгаанд тулгуурлан ярьж, улс орны тулгамдсан асууд­луудаар санал бодлоо солилцлоо.

Манай улсын татварын системд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай бол­сон. Гэхдээ олон улсын туршлагаар шалгагдсан да­раах нөхцөлүүдийг хан­гасан бодлогыг хэрэг­жүү­лэхгүй бол үр дүн муутай бөгөөд жил бүр шинэчлэлийн ажил хийдэг ч өөрчлөгдсөн зүйл үгүй гэдгийг хуралд орол­цогсод онцолсон юм.

Гэхдээ шинэчлэл нэвт­рүүлэхээс урьтаж, татвараас зайлсхийгчдэд арга хэмжээ авахаар болсон байна. Тод­руулбал ШШГЕГ, Тат­варын Ерөнхий газрын даргын хамтарсан тушаал батлагдсан аж.

Уг ажлын хүрээнд аймаг, нийслэлийн шийд­вэр гүйцэтгэх албаныхан татварын төлбөр барагдуулах ажлын хэсэг байгуулан, шийдвэр гүйцэтгэгч на­рыг уртасгасан цагаар ажил­луулж эхэлжээ. Шийдвэр гүйцэтгэгч нарыг нийслэл, дүүргийн татварын байцаагч нар аль компани татварт хэчнээн хэмжээний өртэй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас хэдийд бичсэн гэх зэрэг шаардлагатай мэ­дээллээр хангаж, зарим то­хиолдолд шийдвэр гүй­цэтгэх ажиллагаанд хамтран ажиллаж буй гэнэ. Үүний хүрээнд татвараа төлөхгүй байгаа зарим томоохон бай­гууллагыг олон нийтэд зар­лахаа мэдэгдлээ.

Энэ талаар Ерөн­хий­лөгчийн зөвлөх Л.Даш­дорж хэлэхдээ “Ерөнхийлөгч сая­хан ажлын хэсэг гарган макро эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдийг харгалзан татварын багц хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт оруулаад байгаа.
Иргэд, жижиг, дунд үйлд­вэрлэл эрхлэгчдэд тат­варын хөнгөлөлт үзүүлэх, уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг нэмэх, нэг тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд ор­логын албан татварыг хял­баршуулсан хэлбэрээр ног­дуулах зэрэг саналуудыг тусгасан. Учир нь өнөөгийн байдлаар татвар төлөлттэй холбоотой гомдол тасрахаа байгаад байна. Олон нийтийн дунд татвар төлөхгүй байх явдал ч ихэссэн” гэсэн юм.

Ер нь татвар төлөгчид нийг­мийн зардлууд буюу боловсрол, соёлын үйл ажил­лагаа, эрүүл мэндийн үйл­чилгээ, зам, зэргээс гарч буй үр ашгийг өөрсдийн татвартай холбож чаддаг байх, хоёрт татварын ачаалал тэнцүү байх, гуравт үр ашигтай татварын удирд­­лага байх нөхцөлийг бүр­дүүлэх ёстой аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.