Донорын тухай  хуулийн төслийг дэмжлээ
2012.02.01

Донорын тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэсэн төслийн/Засгийн газраас болон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн/анхны хэлэлцүүлэг, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх, эсэх болон бусад асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор байгуулагдсан Ажлын хэсгийн танилцуулгыг сонсохоор төлөвлөсөн байсан. 


Гэвч Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулиудын төслийг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй байгаа тул хойшуулахаар болсныг УИХ-ын гишүүн Д.Дондог дуулгасан юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Тлейхан нар чуулган завсарлах дөхөж байхад нийгмийн өмнө тулгамдаад буй чухал хуулиудыг хойшлуулаад байж болж байгаа юм уу. Ажлын хэсэг хоёр ч удаа хуралдах гээд чадаагүй.

Ажлын хэсгийн ахлагч нь дандаа байхгүй байх юм. Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүл. Байнгын хорооны даргыг ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Чадахгүй бол өөр хүнийг тавь гэсэн шүүмжлэлийг хэллээ. Байнгын хорооны өнөөдрийн хуралдааныг даргалсан УИХ-ын гишүүн Д.Дондог өгсөн тайлбартаа, Ажлын хэсэг хуралдаагүй байхад Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй. Байнгын хорооны дарга гадаадад томилолттой байгаа.

Энд асуудлыг ямар нэг шалтаг, шалтгаанаар хойшлуулж байгаа юм байхгүй. Ажлын хэсэг өөрөө бүрдэж өгөхгүй байна. Ганц Байнгын хорооны даргаас шалтгаалан асуудал хойшлогдсон зүйлгүй. Даргын захирамжаар томилолтоор явсан хүнтэй яриад яахав. Ирэх долоо хоногт шуурхайлья гэлээ.Ингээд хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Эрүүл мэндийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Сайд танилцуулгадаа, сүүлийн жилүүдэд манай оронд эд, эрхтэн шилжүүлэн суулгах /бөөр, үе, нүдний эвэрлэг, ясны чөмөг, үүдэл эс, зүрх судас, элэг, мэдрэлийн судас, арьс/ мэс засал эмчилгээний тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул зөвхөн ах, дүү, төрөл төрөгсдөөс донор сонгохоос гадна эдийн тохироо нь нийцэх эд, эрхтнээ бэлэглэхийг хүссэн эрүүл хүнийг донорт сонгох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.

2000 онд батлагдсан Донорын тухай хууль нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эд эрхтэнээ үнэ төлбөргүй өгөх, донорын цус, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч иргэдийн эрүүл мэнд, амь насыг аврахын тулд сайн дураараа хүмүүнлэг сэтгэлээр эд эрхтэн, цусаа үнэ төлбөргүй өгөх үйлсийг улам өргөжүүлэх, эд эрхтэнийг амьгүй донороос авах эрх зүйн тогтолцоог сайжруулах, гэмшиг ослын үеийн цусны нөөцийг бүрдүүлэх, ДЭМБ-ын зөвлөмж, олон улсын практик жишгийг харгалзан, мөн “Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолыг үндэслэл болгон хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа тус Байнгын хорооны 2011 оны 02 тоот тогтоолоор Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор байгуулсан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов. Санал, дүгнэлтийн тус Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, нийгмийн даатгалын шимтгэл төлддөггүй, иргэдийн ирээдүйн баталгааг хөсөрдүүлж, иргэний эрхийг зөрчиж байгаа аж ахуйн нэгжүүд олон байгаа.

Тэгсэн хэрнээ нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүдэд урамшуулал байдаггүй гэсэн шүүмжлэлийг хэлж, энэ асуудалд анхаарч, жинхэнэ ярьж хэлж, шаардлага тавих газар нь Үйлдвэрчний эвлэл байх ёстой гэлээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг төр хариуцаж байгаа. Төр дийлэхгүй байгаа үед үйлдвэрчний эвлэл оролцоно.

Энэ жилээс эхэлж нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилт муу байгааг хэрхэн сайжруулах дээр улсын байцаагч нартай хамтарч ажиллана гэсэн тайлбарыг өгөв. Хуралдаанаар Нийгмийн даатгалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг батлав.

Гэсэн хэдий ч нийгмийн өмнө тулгамдаад буй чухал асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэхэд Байнгын хорооны тогтоолоор бус УИХ-ын тогтоол гаргах хэрэгтэй гэсэн С.Ламбаа гишүүний саналыг гишүүд хүлээн авч, эхлээд Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт чиглэл, саналаа хүргүүлж, улмаар УИХ-ын тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.