2025.05.28

Б.Хэрлэн: Процессын дахин инженерчлэлийн талаар ярихын тулд чиг үүргийн давхардлын тухай асуудлыг ярихгүй бол болохгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан /2025.05.28/-ны хуралдаанаар Улсын Их Хурлын даргын 2024 оны 173 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт, холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн байр суурь илэрхийлэв.

Бүтэц зохион байгуулалт маань оновчтой бус байгаа учраас чиг үүрэг нь орхигдох, давхардах явдлууд их гарч байна. Хүн төвтэй проактив төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх процессын дахин инженерчлэл гэсэн ажлын хэсгийн гишүүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлье. Уг ажлын хэсэг өнөөдөр төрийн албанд байгаа бүтэц, зохион байгуулалтыг оновчтой байлгах тухай. Төрийн ажил, үйлчилгээний процессыг иргэдэд чирэгдэлгүй болгох тухай. Төрийн захиргааны шинэчлэлийг түргэсгэх тухай маш олон асуудлыг хөндсөн нүсэр ажлыг хариуцсан ажлын хэсэг байгаа. Маш богино цаг хугацаанд ажлын хэсэг маш үр дүнтэй ажилласан. Процессын дахин инженерчлэл гэж юу вэ? Төрийн байгууллагын бүтээмж гэж юу вэ? гэдэг дээр энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг нэгтгэж байна. Ойлголтыг нэгтгэх тал дээр нэлээн дорвитой ажилласан. Уг ажлын явцад хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь процессын дахин инженерчлэлийн талаар ярихын тулд чиг үүргийн давхардлын тухай асуудлыг ярихгүй бол болохгүй гэдэг дээр манай ажлын хэсгийнхэн санал нэгдэж байна. Бүтэц зохион байгуулалт оновчтой бус байгаа учраас зарим чиг үүрэг нь орхигдох, давхардах, хийдэх явдлууд их гарч байна. Энэ нь процессын дахин инженерчлэлийг хийхэд сөрөг нөлөө үзүүлээд байна. Тэр тусмаа хүн төвтэй төрийн үйлчилгээг хүргэхэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарч байна. Цаашдаа төрийн үйлчилгээ, дахин инженерчлэлийн тухай асуудлыг ярихдаа дэлхий дахинаа төрийн захиргааны шинэчлэл аль тал руугаа явж байгаа юм. Ялангуяа хүн төвтэй болгохын тулд төрийн үйлчилгээ авч байгаа иргэдэд яаж дөхөм аргаар төрийн үйлчилгээг авах ёстой вэ? Ямар шинэ туршлагууд байгаа вэ? Цаашдаа бид өөрсдөө хэрхэн авч хэрэгжүүлэх тал дээр дараа дараачийн ажлуудаа чиглүүлэх төлөвтэй байна. Уг ажлын хэсгийн үр дүн 5-6 сарын хугацаанд хийсэн ажлын үр дүн нь чамлахааргүй үр дүнд хүрч чадсан гэж харж байна.