
ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЯВУУЛЛАА
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.05.28/-ийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуульд зааснаар УИХ стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор хэлэлцэж, баталдаг.
Уг хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0 хувь, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож тусгасан байна.
-Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой түвшинд хадгалахад уул уурхайн салбарт хэрэгжиж буй том төслүүд хэвийн үргэлжлэх, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүд үе шаттай хэрэгжих зэрэг хүчин зүйлс чухал ач холбогдолтой байна.
Мөн хуулийн төсөлд инфляцыг 2026 онд 7.0 хувь, 2027 онд 6.4 хувь, 2028 онд 6.0 хувь байхаар тусгасан.
Инфляцыг бууруулахад хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж хүнсний нийлүүлэлтийг тогтвортой нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх, төсвийн зардлын тэлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.