
"Цагаан алт” хөдөлгөөний үр шимээр "Батур" брэнд өдөрт 800 хос гутал үйлдвэрлэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар өчигдөр /2025.04.17/ “Миний гутал” ХХК болон “Өндөр уртын буян” ХХК-иудын гутлын үйлдвэрүүдтэй танилцлаа. Дотоодын арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компаниуд малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
“Миний гутал” ХХК анх 2011 онд гутал засварын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Энэхүү туршлагадаа үндэслэн 2017 оноос гутлын үйлдвэрлэл эрхэлж, “YURDI” брэндийг үүсгэн байгуулснаар хоногт 200 хос гутал үйлдвэрлэж байна. Түүхий эдээ 100 хувь дотоодоосоо авдаг бөгөөд өнгөрсөн 2024 онд 42,000 хос гутал үйлдэрлэн зах зээлд нийлүүлжээ. Өдгөө 32 ажилтантай, 21 аймагт гэрээт борлуулагчтай зэрэг үйлдвэрлэлээс борлуулалт хүртэл үйл ажиллагаагаа тогтворжуулсан байна.
Тус компани малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” хөтөлбөрт хамрагдан арилжааны банкнаас эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Зээлийн хөрөнгөөрөө шинэ техник, технологи нэвтрүүлж, үйлдвэрийн байраа өргөтгөн, өдөрт 500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий шугам байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрлэлээ өргөтгөснөөр шинээр 20-25 тогтвортой ажлын байр бий болгохоор зорьж байна.
“Өндөр уртын буян” ХХК 2013 оноос хойш гутлын “Батур” брэндийг хөнжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2024 онд банкнаас арилжааны 18 хувийн хүүтэй зээл авч, үйлдвэрийн барилгаа өргөтгөн, шахмал ул, улалгааны бүрэн автомат машин ашиглалтад оруулжээ. Хадаас, цавуу ашигладаггүй автомат уллагагаа хийдэг технологиор өдөрт 800 хос гутал үйлдвэрлэж байна. “Батур” брэндийн гутлын онцлог нь нийт орцын 90 хувийг дотоодын арьс, шир, нэхий бүрдүүлдэг. “Булигаар”, “Мон-Ирээдүй”, “Дархан минж”, “Их эрэлт” зэрэг дотоодын боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээтэй ажилладаг байна. Өнөөдрийн байдлаар нийт 35 ажилтантайгаар ажлын, гоёлын, дөрвөн улирлын зэрэг бүх 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Казахстан, Орос, Хятад улсуудад гутлаа экспортод гаргадаг үндэсний брэнд юм.
“Өндөр уртын буян” ХХК мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авах хүсэлтээ арилжааны банкинд өгч, шийдвэрлүүлжээ. Зээлийн хөрөнгөөр үйлдвэрлэлээ өргөтгөж, 2028 он гэхэд өдөрт 1,600 хос үйлдвэрлэх зорилт дэвшүүлжээ.
Энэ үеэр үйлдвэрлэгчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон ХХААХҮ сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт үндэсний үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөц дутагдалтай байгааг танилцуулсан. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд төрөөс хүний нөөцийг сургаж бэлтгэх, дадлагажуулах чиглэлд нэгдсэн бодлого гарган, хамтран ажиллах шаардлагатайг тодотгов.
УИХ-ын 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилт дэвшүүлсэн. ХХААХҮЯ уг зорилтын хүрээнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” хөдөлгөөнийг 2024-2028 онд хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Хөтөлбөрийн үр дүнд:
-Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болгоно.
-Ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болгоно.
-Арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болгохоор зорьж байна.