2025.03.31

Д.Ганмаа: Мега төслүүдийн үр дүн айл болгоны өрхөөр орж бидэнд мэдрэгдэх ёстой

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн  Д.Ганмаа:

Хамтарсан ЗГ байгуулагдаад хэд хэдэн мега төслүүд хөдлөөд байна. Зорилго нь иргэдийн амьдралын чанар сайжрах, ололт амжилт нь айл бүрийн өрхөөр орж бидэнд мэдрэгдэх ёстой. Хэмждэг 3 үзүүлэлт нь эрүүл мэнд, боловсрол, орлого. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн ажил нь үйл ажиллагааныхаа бодлоготой уялдаж байна уу. Эрүүл монгол чиглэлийн 4 зорилго, 18 зорилт бий. Үүний шалгуур үзүүлэлт нь тунхагийн шинжтэй, бодлогын ул суурьгүй, үргэлжилсэн үгийн зохиол шиг гэсэн шүүмжүүд удаа дараа яригдсан. Гэтэл шалгуур үзүүлэлт нь ийм байхаар яаж дүгнэх вэ хэмээн санаа зовниж байна. БСШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар ЕБС-ийн 1-р ангийн хүүхдүүдийг нүд, шүд, зүрхний урьдчилсан үзлэгт хамруулна гээд 2 газар давхар орж иржээ. Төсөв нь мөн давхардаад олгогдчихсон байх вий.

Нийгмийн эрүүл мэндээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээ талаас хэд хэдэн асуулт байна. Эрүүл мэндийн тусламж, чанар, үйлчилгээ, хүртээмж, аюулгүй байх гол үзүүлэлтүүдэд тус бүр ямар шаардлага тавьж байна вэ? Шалгуур үзүүлэлт байтугай, тодорхойлолтыг нь олж харсангүй.

Түүнчлэн салбар яам энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

Түүний асуултад ЭМ-ийн сайд Т.Мөнх-Эрдэнэ хариуллаа.