БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар, Х.Жангабыл нар Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын алба, нэгжийн дарга нартай уулзалт хийлээ. Уулзалтаар төрийн албаны хуулийн хэрэгжилт, зохион байгуулалт, төрийн үйлчилгээний үр нөлөөг дээшлүүлэхэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, орон нутагт тэр дундаа Баян-Өлгий аймагт төрийн байгууллага, төрийн албан хаагчийн эрх ашгийг хамгаалах, Төрийн албаны зөвлөлд ирж буй гомдол, санал болон түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.
Төрийн албаны зөвлөлөөс 2024 он, 2025 оны эхний улиралд 21 аймгийг хоёр давтамжтай тойрон, Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг шалгаж, албан хаагчдыг мэдээллээр ханган, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэн ажилласан. 318 сум, 8 тосгонд хүрч ажиллалаа. Одоо Бүсийн зөвлөгөөн зохион байгуулаад эхний 3 зөвлөгөөн амжилттай хийгдсэн. Төрийн албан хаагчдыг сонсох, санал шийдэл хэлэлцэх, ярилцлага хийхэд илүү анхаарч байна. Манай байгууллагаас хууль хэрэгжүүлэх, шударга, хариуцлагатай байх шаардлагыг төрийн байгууллагын албан хаагч нарт тавьж ажиллаж байгаа талаар Зөвлөлийн дарга ярив.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүдийн зүгээс орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн хүрээнд хамгаалах, улс төрийн нөлөөллөөс ангид байх, шинэ мэдээлэл, зөвлөгөөгөөр хангахад анхаарч ажиллах талаар ярьлаа. Мөн төрийн албыг цахимжуулах, технологижуулах төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зөв зохистой үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Холбоотой мэдээ
2025.04.25
2025.04.23
2025.04.19
2025.04.23
2025.04.19
2025.03.19
2025.03.22
2025.03.02
2025.02.28