
ЮТА МУЖИЙН ИХ СУРГУУЛЬД ГОВИЙН БҮСИЙН ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАУЙ ЭМЧ НАРЫГ СУРГАНА
Говийн бүс, тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд статистик үзүүлэлтээр хавдрын өвчлөл буурахгүй хэвээр байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод байгаа.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хавдрын хими эмчилгээний тасгийг Х. Шаравын нэрэмжит БОЭТ-д 2023 оны 11-р сард дэмжин нээж, хими эмчилгээний тоног төхөөрөмж, шаардлагатай оношлуур, эм тариа, хавдрын мэргэжил эзэмших резидент эмч сувилагч нарын сургалтын зардал, хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн нэмэлт цалин урамшууллыг орон нутгаасаа 100% шийдвэрлэж байсан.
Хавдрын тасаг нээгдсэнээр өвчтөнүүд улсдаа ганцхан байдаг ХСҮТ- д үзүүлэхээр очер дараалал хүлээлгүй шаардлагатай хими, хөнгөвчлөх, мэс засал, мэс ажилбарыг цаг хугацаа алдалгүй, төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлснээр УБ хотыг зорих зардал чирэгдэлгүй, аймагтаа шаардлагатай тусламжаа авдаг болсон нь үйлчлүүлэгчдийн хувьд сэтгэл ханамж өндөртэй, чухал дэмжлэг болсон гэж олон иргэд ярьдаг.
Хавдар судлалын үндэсний төв-2 эмнэлэг байгуулан ажиллах боловсон хүчин, эмч сувилагч нарыг АНУ-ын Юта мужийн их сургуульд бэлтгэх хамтын ажиллагааны албан уулзалт энэ сарын эхээр АНУ-д болсон.
Тус ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, АУ- ны доктор, мэс заслын зөвлөх эмч Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ректор, АУ- ны доктор Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, АУ- ны доктор Н.Эрдэнэхүү, ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч П.Батсүх нарын хамтаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаад ирлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг АНУ-ын Юта мужийн их сургуульд сургалтанд хамруулахаар зорьж байна.
Энэ ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд эмч, мэргэжилтнүүд та бүхний зүгээс англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, орлон ажиллах эмч мэргэжилтнээ бэлтгэж тусламж үйлчилгээний шуурхай байдлыг ханган бэлтгэж байхыг хүсье!
Ийнхүү сургаснаар Хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох дэлхийн тэргүүлэгч зорилтыг ханган хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахаар үр дүнтэй ажиллах чадварлаг эмч мэргэжилтнүүдийн багтай болж, орон нутгийн хөгжлийг дэмжин хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан