
МЭНДЧИЛГЭЭ
Монгол орны өнцөг булан бүрд оршин сууж байгаа казах түмэндээ урин цагтай учран золгуулдаг шинэ эхлэлийн бэлгэдэл Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өдөр, шөнө тэнцдэг энэхүү тэгш сайн өдөр тохиодог тус баяраар зон олноороо амар мэндээ мэдэлцэж, ахмад буурлуудаа хүндэтгэн сургаал ерөөлийг сонсож, ах дүү төрөл төрөгсдөөрөө халуун элгэмсэг яриа өрнүүлдэг сайхан уламжлалтай.
Наурызын баяр хүн төрөлхтний их өв соёлын салшгүй хэсэг бөгөөд үүний нэг тод илрэл нь НҮБ-ын гаргасан “Олон улсын Наурызын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг байх шийдвэр билээ. Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүх цаг үед үнэлж баршгүй хувь нэмрийг оруулсаар ирсэн ажилч хичээнгүй, авьяас билигт казах түмэндээ баярын мэндийг хүргэхийн хамт төрлөөрөө түвшин амгалан элгээрээ энх тунх байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүндэтгэсэн:
УИХ-ын гишүүн, Доктор (Ph.D) ДОРЖСҮРЭНГИЙН ҮҮРИЙНТУЯА