
2025.03.21
Б.Энхбаяр: Гэм бурууг халдаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хориглогддог
УИХ-ыг гишүүн Б.Энхбаяр Ноорог.мн сайтад ажилладаг нэг иргэний дансаар 85179 удаагийн гүйлгээгээр 9,2 тэрбум төгрөг, 365 удаагийн гүйлгээгээр 9,430 ам.долларын орлог орж эдгээр мөнгийг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах байдлаар зарлагууд гаргасан гэсэн мэдээлэлтэй холбогдуулан цахим хуудсандаа ийн бичжээ.
Тэрбээр "Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл гэж ойлголоо. Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байна:
- Нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нэг иргэн цахим мөрийтэй тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаамуу, тэр нэг хүн хувиараа тоглолоо гэж шалгаж байгаамуу. Гэм бурууг халдаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хориглогдсон зарчим.
- Цахим мөрийтэй тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах, сурталчлах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдээлж байсан. Тэхээр ямар гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм бол.
- 85 мянган удаагийн гүйлгээгээр 9 тэрбум гэхээр нэг удаад 100 мянга буюу 30 долларын гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлийн тухай яриад байгаа юм бол.
- Ингэхэд прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ" гэжээ