Монгол, БНСУ харилцан зах зээлээ нээж, чөлөөт худалдаа хийдэг болно
2025.03.18

Монгол, БНСУ харилцан зах зээлээ нээж, чөлөөт худалдаа хийдэг болно

Энэ оны эхний хоёр сард манай улс БНСУ руу 6.6 сая ам.долларын бараа худалджээ. Энэ нь манай нийт экспортын ердөө 0.3 хувийг эзэлсэн байна.

Харин тус улсаас Монгол руу 58.8 сая ам.долларын бараа худалджээ. Үүнд гоо сайхны бараа, кимчи, жимс, хувцас, цахилгаан бараа зэрэг багтдаг.

Гадаад худалдааны энэ алдагдлыг бууруулах, тус улсаас хөрөнгө оруулалт татах, хоёр улс харилцан бие биедээ зах зээлээ нээж, чөлөөт худалдаа хийдэг болохоор төлөвлөж байна.

Тодруулбал, Монгол БНСУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулна. Евразийн эдийн засгийн түншлэлийг ЭЗХЯ ирэх тавдугаар сард байгуулна. Тэгэхээр БНСУ-тай байгуулах гэрээ нь худалдааг харилцан либералчилсан гурав дахь гэрээ болно.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн долоо хоногт ХХААХҮЯ-ны харьяа Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв БНСУ-ын “Жи Эй Ти Си” ХХК-тай хөдөө аж ахуйн зургаа дахь үйлдвэрлэл болох хүлэмжийн нарийн ногоо, жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бут тариалж ургуулах, таримлын нэр төрөл нэмэгдүүлэхэд хамтран ажиллах зорилгоор санамж бичиг байгуулав.

Талууд хүлэмжийн аж ахуйн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, харилцан туршлага судлах, судалгаа, сургалт, семинар зохион байгуулах, инкубатор төв, гарааны бизнесийг хөгжүүлэхэд хамтарна.

ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

“Мандора” ХХК-ийн захирал Д.Үнэнбат:

Өнгөрсөн онд манай улсад 180 мянган солонгос жуулчин ирж, хамгийн олон жуулчнаар БНСУ тэргүүлэв. Харин манай улсаас тус улс руу эмчилгээ хийлгэх гэсэн иргэд олноороо зорчдог. 2026 оныг хүртэл манай улсад БНСУ-ын жуулчид 90 хоног визгүй зорчино. Энэ шийдвэрийн нөлөөгөөр жуулчид нэмэгдсэн. Тэд манай улсад дунджаар тав хонодог.

Хөвсгөл нуур болон говийн бүс, Хонгорын элс рүү их аялахын сацуу од харах гэж Монголд ирдэг. Нэг жуулчин хамгийн багадаа 3.4 сая төгрөгийн зардал гаргадаг. Насаар нь харвал залуучууд голдуу ирдэг. Өнгөрсөн онд тус улсын урлаг соёлын одуул Монголд ирж, нэвтрүүлэг бэлтгэсэн нь их нөлөөлсөн. Ахмад жуулчид Улаанбаатар-Тэрэлжид амраад буцдаг.

Гэхдээ солонгосчуудын сонирхол хурдан өөрчлөгдөх магадлалтай. Иймд манай улс аялал жуулчлалын бодлогоо тогтвортой үргэлжлүүлбэл, БНСУ-д болдог үзэсгэлэнгүүдэд байнга оролцож жуулчдын тоо өснө. Энэ онд 180 мянгаас илүү олон жуулчин ирэх болов уу.

Ирэх тавдугаар сараас эхний жуулчид ирж, есдүгээр сарыг дуустал ирдэг. Өмнөд Солонгосын жуулчид бол цэвэр жуулчид юм. Манай хоёр хөршийн иргэд жуулчны визээр нэвтэрдэг ч дамжин өнгөрөх гэх мэт өөр зорилгоор ирэх нь бий. БНСУ-ын жуулчид амрах гэж л ирдэг. Тэнд өргөн уудам хээр тал гэж үгүй. Солонгос жуулчид монгол гэрт хонож, элсэн дээр чаргаар гулгана, морь унадаг. Эхний жуулчид сэтгэл хангалуун буцсан.

Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан: Урьдчилсан судалгаагаар энэ гэрээг байгуулах нь манай улсад ашигтай гэсэн судалгааны үр дүн гарсан. Иймд гэрээг байгуулна. Бизнес эрхлэгчидтэй уулзан, та бүхний саналыг авсны дараа бид БНСУ-тай хэлэлцээ хийнэ.

Гадаад болон дотоодын иргэн, ААНБ-д ижил нөхцөл олгоно. Гэхдээ зөвхөн Монгол Улсын иргэн, ААН тухайн үйлчилгээг эрхэлнэ гэсэн салбаруудаа тодорхой нэрлэсэн.

Бусад улсад олгосон таатай нөхцөлөө ижил байдлаар олгоно. Энэ нь олон улсын худалдааны зарчим юм. Аливаа квот, тоон хязгаар тогтоох эсвэл ААН-ийн төрөл хэлбэр зэргийг шаардахгүй. Өрсөлдөөнийг дэмжих үүднээс тухайн газар нутагт 2-оос илүүгүй салбар байгуулна.

Тухайн үйл ажиллагааг төлөөний газар, оффис байгуулах шаардлага тавихгүй. Эмийн борлуулалтыг заавал төлөөний газраар дамжуулан хийнэ гэх мэт цөөн хязгаарлалт бий. ТУЗ, гүйцэтгэх удирдлагын албан тушаалд тодорхой улсын иргэншил заахгүй. ТУЗ-ийн бүрэлдэхүүний 25%-иас цөөнгүй нь МУ-ын иргэн байна.

Компанид гүйцэтгэлийн шалгуур тавихгүй. Ажилчдын 50-иас багагүй хувь нь МУ-ын иргэн байх; Зөвхөн Монгол Улсын бэлтгэн нийлүүлэгчдийн бараа, материалыг ашиглах, тодорхой түвшинд бараа, үйлчилгээ экспортлохыг шаардахгүй.

Гэрээний хуулийн зөвлөхөөр ажиллаж буй З.Шагдарсүрэн:

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр олон улсын гэрээ тул дотоодын хууль тогтоомжоос давуу эрхтэй. Гэрээний заалт бүр маш чухал. Мөн гэрээний хоёр хавсралт гэрээнээс дутахгүй чухал.

Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий хэлэлцээрт багтсан. Энэ хэлэлцээрийн хавсралтад аль салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг оруулахгүй вэ гэдгээ тодорхой заадаг.

Бид БНСУ-тай байгуулах хэлэлцээрийн хавсралтад нээлттэй, хаалттай салбаруудаа нэрлэсэн. Хавсралтад заагаагүй салбарт хэлэлцээрийн нөгөө тал чөлөөтэй орох, үйл ажиллагаа явуулах амлалт өгөөгүй гэсэн үг юм.

Тус улс манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлдэг. Хэлэлцээрийн төслийг яриа хэлэлцээний шатанд өөрчлөх боломжтой. Манай талаас уул уурхайн салбарыг хязгаарласнаар тус улсын хувийн хэвшилд л хаалттай. Энэ салбар манай улсад хөгжсөөр, бид цаашид энэ салбарт ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байна. Иймд энэ салбарыг бүхэлд нь хаалттай болгосон. Гэхдээ БНСУ-ын төрийн өмчит ААН-үүдэд нээлттэй.

Өнгөрсөн онд Сөүлд “Welcome to Mongolia” хөтөлбөрийг зарлаж, тус улсын иргэдийг 2023-2025 онд 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэр гаргасан.

2023 онд Монголд Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдын тоо жилийн өмнөхөөсөө 2.6 дахин нэмэгдэж 140 мянгад хүрснээр нийт жуулчдын 23.5%-ийг бүрдүүлжээ.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, олон улсын арбитрч Г.Хонгор:

-Энэ гэрээг хийснээр солонгосчууд өрмийг нь аваад, бидэнд хусам үлдэх вий. Тус улс олон салбартаа манай хувийн хэвшлийг оруулахгүй гэж хааж, баялаг багатай тул уул уурхайн салбараа нээлттэй болгожээ.

Манай хөрсөнд буухааргүй гэрээний төсөл байна. Солонгосчууд олон улсын санхүүгийн гэрээ хэлэлцээг өндөр түвшинд хийдэг болсон. Гэрээг хийхдээ өнөөгийн монголын эдийн засгийн хүчин чадавхаар хязгаарлагдаж болохгүй. Өнөөдөр бид санхүүгийн хүчин чадал багатай ч маргааш байдал өөр болно. БНСУ далайн тээврээ хаажээ. Бид далайд гарцгүй ч Монголын далбааг түрээслэн далайн тээвэр хийдэг компаниуд бий.

Мөн бид тус улсын барааг усан тээврээр зөөвөрлөдөг. Үүний нэг хэсгийг манай компани тээвэрлэг л дээ. Бидэнд НҮБ-ын конвенцоор эрх нь бий. Гэтэл бид л тээвэрлэнэ гэж тулган шаардаж болохгүй.

Гэрээ байгуулахдаа бид маш болгоомжтой байх ёстой. Учир нь энэ гэрээг байгуулсны дараа хоёр улсын компаниуд хамтран ажиллана. Тэдний хооронд аливаа хуулийн маргаан гарах нь тодорхой. Монгол хөгжиж буй улс. Харин БНСУ Азийн “баруудын” нэг. Түншлэл харилцан ашигтай байх ёстой. Гэтэл энэ төслийг харахаар түрэмгийлсэн шинж байна.

“Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Д.Мөнхтөр:

-Манай улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай эдийн засгийн түншлэл байгуулахад хэт эрт байна. Учир нь 10 жилийн өмнө Японоос 300 сая ам.долларын импорт авдаг байсан бол одоо нэг тэрбум ам.долларыг давсан. Харин манай экспорт 10 сая ам.доллар хэвээрээ. Бид тус улс руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргахаар ХАА-н яамны мэргэжилтнүүдтэй нь уулзахад нааштай хүлээж авдаггүй.

Тус улс манайд хүмүүнлэгийн туслалцаа их үзүүлдэг боловч приус машинаа Монголд л авчирч хаяж байна. Хүн ам багатай, ядуу улс атлаа япон машин худалдан авсан тоогоороо Монгол гуравдугаарт ордог. Япон хожиж, бид хожсонгүй. Эхний алдаагаа засаагүй атлаа дараагийн гэрээг байгуулах гэж байна. Японтой байгуулсан гэрээг цуцлах хэрэгтэй.

Монголоос БНСУ руу малын тэжээл худалдах, жилдээ 500 сая ам.долларын худалдаа хийх боломж бий. Бид үүнийг туршсан. Хорио цээрийн нөхцөл нь боломжийн. Гэрээнд баталгаат худалдан авалтын талаар заавал тусгах шаардлагатай.