
2025.03.19
Солонго-1, 2 хороололд 960 хүүхдийн 2 дахь СУРГУУЛЬ баригдахаар боллоо
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024-2027 оны хооронд барьж ашиглалтад оруулах “Солонго -1, 2" 5002 айлын орон сууцны хорооллыг бүтээн босгох ажил явагдаж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан санаачилгаар өнөөдөр тус хороололд 2 дахь сургуулийг барихаар боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 20000 хүн амьдрах хороололд 960 хүүхдийн ганцхан сургуультай байгаа нь байж болохгүй зүйл гэж үзэн энэ асуудлыг олон шатанд тавьсны дүнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь хүлээн авч газар дээр нь хамтран ажиллаад тусгайлан газар гарган өгч 2 дахь сургуулийг барихаар шийдвэрлэлээ.
Ж.Алдаржавлан "Өнөөдрийн шийдсэн асуудал энэ хороололд ирээдүйд амьдрах хүүхдүүдэд маш том буян боллоо гэж бодож байна. Цаашдаа Улаанбаатар хотод баригдах хотхон хорооллууд маань сургууль, цэцэрлэгээ анхнаасаа сайтар төлөвлөх ёстой хэрэгтэй" хэмээн онцолсон юм. Тийм учраас би Хот байгуулалтын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлаад байгаа шүү дээ. Хууль маань батлагдвал энэ талын гамшиг гарахгүй гэж үзэж байна" гэлээ.
Солонго-1, 2 хороолол нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл юм.