Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес, хөгжлийн дарга Грахам Далластай уулзлаа
2025.03.06

Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес, хөгжлийн дарга Грахам Далластай уулзлаа

Канадын Торонто хотноо болж буй PDAC 2025 дэлхийн уул уурхайн чуулганд АҮЭБ-ын Сайд Ц.Туваан оролцож байгаа. Чуулга уулзалтын үеэр Торонтогийн хөрөнгийн биржийн Бизнес, хөгжлийн дарга Грахам Далластай уулзлаа.

Уулзалтаар Монголын уул уурхайн салбар дэлхийн хариуцлагатай уул уурхайн тэргүүлэх санаачилга болох Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) хөтөлбөрт нэгдсэнээ албан ёсоор мэдэгдэв. Торонтогийн Хөрөнгийн бирж бол Канад төдийгүй, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах гол бирж бөгөөд ялангуяа уул уурхайн төслүүдийн бүртгэлээр төрөлжсөн бирж юм.

Одоогоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 олон нийтийн компани Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд эдгээр нь бүгд Канад болон олон улсын хөрөнгө оруулалттай компаниуд юм. Эдгээрээс "Erdene Resource Development" компани нь Торонто болон Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэлтэй (cross listing) цорын ганц олон нийтийн компани юм.