МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.БАЯСГАЛАН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНСУ-ын Бурён хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү тэргүүтэй төлөөлөгчдийн хамт
2024.08.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.БАЯСГАЛАН: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 111 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 84 хувь нь буюу 93 мянга нь хөдөлмөрийн харилцаанд орох насныхан байна. Гэвч 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогоор манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 29.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа ба энэ нь 2010 онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Боловсролын хувьд 86.1 хувь нь ямар нэг төвшний боловсрол эзэмшжээ.

Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлж байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 орчим хувь нь бие даан амьдрах хэвшилгүй, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдмал, санхүүгийн гачигдалтай амьдардаг бөгөөд орчны хүртээмжгүй байдлаас нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа тул хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлаас гаргах, боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлж, хувь хүнийг хөгжүүлэхгүйгээр тэдний улс төрийн оролцоо өргөн хүрээнд, бодитой нэмэгдэхгүй аж.  

Амьдралын наад захын шийдвэрийг өөрөө гаргах дадал бага, бие даан амьдрах, нийгмийн харилцаанд оролцоход хамгийн их тулгамддаг асуудал бол дэд бүтэц.

Монгол Улсын Их хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй 7 хүн нэр дэвшсэн ч сонгогдоогүй байдаг. Харин 2024 оны парламентад намуудын жагсаалтаар хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдсоны нэг нь Ж.Баясгалан.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан БНСУ-ын Бурён хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү тэргүүтэй төлөөлөгчдийн хамт.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баясгалан сонгогдмогцоо хамгийн түрүүнд БНСУ-ын Бурён хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлаар харилцан туршлага судалж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү Монгол Улсын Их Хурлын 2024 оны  ээлжит сонгуулийн үр дүнд  Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентын гишүүнээр сонгогдсон явдалд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа спортын бусад төрөл төдийгүй аялал жуулчлалын салбарт өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалангийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгмийн дэд бүтцийг бий болгох нь нэн чухал байна хэмээв. Иймд БНСУ-ын туршлагаас судалж, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.